Хосолмол хөдөлгүүртэй Prius, Aqua автомашинуудад ногоон дугаар олгохгүй гэлээ

Хосолмол хөдөлгүүртэй Prius, Aqua автомашинуудад ногоон дугаар олгохгүй гэлээ

Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой гарч буй чиглэлүүдийн талаар Зам тээврийн яамнаас мэдээлэл хийлээ. 

Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан уг шийдвэрийн дагуу бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин (BEV) болон зай хураагуурт тулгуурласан, туулалтын зай уртасгагчтай цахилгаан автомашин (EREV)-д ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй байхаар болсон байна. Мөн үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, гадаад эх үүсвэрээс цэнэглэгддэг залгадаг гибрид (PHEV) автомашиныг эко ангилалд хамруулж, хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гарчээ. Харин энгийн хосолмол хөдөлгүүртэй (HEV) автомашин, тухайлбал Prius, Aqua зэрэгт ногоон дугаар олгохгүйг онцолсон юм.

Одоогийн байдлаар Монгол Улсад 1.3 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 553 мянга нь гибрид хөдөлгүүртэй тул эдгээрт ногоон дугаар олгох боломжгүй гэдгийг албаныхан мэдэгдэв. Сануулахад, 2024 оны арваннэгдүгээр сараас импортоор орж ирж буй автомашинд улсын дугаар шинээр олгохыг хязгаарласан ч цахилгаан тээврийн хэрэгслийг энэхүү зохицуулалтаас чөлөөлсөн байна. Энэхүү бодлого нь дэлхий дахинд шатахууны хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд байгальд ээлтэй, цахилгаан тээврийн хэрэглээг дэмжих зорилготой юм. Монгол Улс ийнхүү олон улсын жишгийн дагуу “ногоон дугаар”-ын системийг нэвтрүүлж эхэллээ.