БАРИМТ: Биеийн тамир спортын улсын хорооны удирдлагууд нас барсан ахмадуудад нэмэгдэл, шигшээ багт байдаггүй тамирчдад цалин олгож байжээ

БАРИМТ: Биеийн тамир спортын улсын хорооны удирдлагууд нас барсан ахмадуудад нэмэгдэл, шигшээ багт байдаггүй тамирчдад цалин олгож байжээ

Үндэсний Аудитын газраас Биеийн тамир, спортын улсын хорооны 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхэд нас барсан ахмадуудад нэмэгдэл олгодог байсан зэрэг 103 алдаа, зөрчил илэрснээс санхүүгийн тайлантай холбоотой 8 тэрбум 396 сая 370 мянга 140 төгрөгийн 77 зөрчил, нийцлийн аудиттай холбоотой 4 тэрбум 184 сая 872 мянга 932 төгрөгийн 26 зөрчил илэрсэн байна.

Тухайлбал, Биеийн тамир, спортын улсын хороо нь өмнөх онуудад нас барсан найман ахмадад нас барсан хугацаанаас хойш нэмэгдлийг тасралтгүй олгосоор ирсэн бөгөөд 2025 онд 16.1 сая төгрөгийг олгосон байжээ.

Энэ нь Ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Ахмад настан нас барсан тохиолдолд нэмэгдлийг нас барсны дараачийн сар дуустал олгоно", 9.2-д "Хуурамч баримт бичиг бүрдүүлж нэмэгдэл, хөнгөлөлт авсан нь тогтоогдвол олголтыг зогсоож, олгогдсон нэмэгдэл, хөнгөлөлтийг нөхөн төлүүлнэ", 9.4-д "Энэ хуулийн 8.2-т заасан байгууллага болон холбогдох байгууллага, ажилтны буруугаас илүү олгосон нэмэгдэл, хөнгөлөлтийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн шийдвэрээр буруутайалбан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.", Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байгаа юм. Тиймээс аудитын байгууллаас буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаар дээрх мөнгийг төлүүлж, төсөвт төвлөрүүлэх төлбөрийн акт тогтоожээ.

Мөн тус газар нь тушаал шийдвэрээс зөрүүтэй, шигшээ багийн бүрэлдэхүүнд байдаггүй тамирчид, дасгалжуулагчид 74.4 сая төгрөгийг олсон байсан нь аудитын байгууллагын шалгалтаар илэрсэн байна.

Тодотговол, Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2025 оны А,49, А/51, А/52, А/53, А/55, А/57, А/58, А/65, А/68, А/73, А/79, А/94 дугаартай "....үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн батлах тухай" тушаалаар спортын холбоодод Үндэсний шигшээ багийн тамирчин, эмч, дасгалжуулагч нарын 2025 оны 1-3 дугаар сарын цалин хөлс олгох санхүүжилтийг шилжүүлснээс тушаалын хавсралтад заасан багийн тамирчин, эмч, дасгалжуулагч нарын цалин хөлсийг 74.4 сая төгрөгөөр зөрүүтэй буюу бүрэлдэхүүнд багтаагүй тамирчид, дасгалжуулагч нарт олгосон байжээ.

Түүнчлэн;

  • Албан хаагчдын албан тушаалын чиг үүрэгтэй давхардуулан хөлсөөр ажиллах гэрээ байгуулж нийт 40.9 сая төгрөгийн зардал гаргаж төсвийг зориулалт бус зарцуулсан
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин Биеийн тамир, спортын улсын зөвлөлгөөн Дархан-Уул аймагт зохион байгуулж, тэмцээн уралдааны шагнал, урлагийн тоглолт, хоол унаа гэх мэт зардалд нийт 117.0 сая төгрөгийг төсвөөс зарцуулсан
  • Орон нутаг, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцсон тамирчид болон улсын хэмжээнд зохион байгуулсан тэмцээн уралдааны зардалд нийт 517.6 сая төгрөгийн 51 гүйлгээг холбогдох анхан шатны баримтын бүрдэл дутуу, зарцуулалт, гүйцэтгэлийн тайлангүй байхад хэрэгжилтийг 100 хувиар тооцон гэрээ дүгнэсэн акт үйлдэж бүртгэлд тусгасан байжээ. 

Үүгээр ч зогсохгүй, Биеийн Тамир, Спортын Улсын хороо нь олон жилийн турш өөрийн нэр дээр бүртгэлтэй байр, хөрөнгийг бусдад үнэ төлбөргүй ашиглуулсаар ирсэн байгаа юм. Өнгөрсөн жил буюу 2025 онд гэхэд байрны ашигтай талбайн 71.7 хувь буюу 6238.36 м2 талбайг ТӨБЗГ-ын зөшөөрөлгүй, сонгон шалгаруулалтгүй, үнэ төлбөргүй ашиглуулж, цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, халаалт, цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ гэх мэт байр ашиглалттай холбоотой бүхий л зардлыг Биеийн Тамир, Спортын Улсын хороо хариуцан 410.8 сая төгрөгийг төлсөн байна.

Гэтэл тус холбоод нь төрийн өмчийг дамжуулан түрээслэж, төлбөртэй сургалт, дугуйлангууд ажиллуулж, бусад клубуудэд заал талбайг БТСУХ-оос зөвшөөрөл авалгүйгээр ашиглуулж, төрийн өмчийг хяналтгүй захиран зарцуулж байсан нь аудитаар илэрсэн аж. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө