УИХ-ын гишүүн Р.Батболдыг ИЗНН-ын даргаар бүртгэх эсэхийг шийдэх хурал өнөөдөр болно

УИХ-ын гишүүн Р.Батболдыг ИЗНН-ын даргаар бүртгэх эсэхийг шийдэх хурал өнөөдөр болно

УИХ-ын гишүүн Р.Батболдыг ИЗНН-ын даргаар бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүх хэлэлцэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус өргөдөл зэргийг хэлэлцэх Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн маргааш буюу 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр болохоор товлогджээ. Нийт шүүгчийн хуралдаанаар Монголын ногоон намын ээлжит бус XX Их хурлаас намын даргаар А.Ундраа сонгогдсоныг болон намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг тус тус бүртгүүлэх тухай өргөдөл, Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын Онц Их хурлаас намын даргаар Р.Батболд сонгогдсоныг болон дүрмийн өөрчлөлт (шинэчилсэн)-ийг тус тус бүртгүүлэх тухай өргөдөл, ХҮН намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт (шинэчилсэн)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01/581 дүгээр албан бичгийг хэлэлцэнэ. 

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЗ/2660 дугаар шүүгчийн захирамжтай “Эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэх нийтлэг насны хязгаарыг 16 гэж тогтоосон нь Үндсэн хуулийн хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмыг зөрчсөн” талаарх Улсын дээд шүүхэд ирүүлсэн саналыг тус тус хэлэлцэхээр тогтжээ. Харин шүүгчдийн зөвлөгөөнөөр Улсын дээд шүүхээс ил тод байдал, олон нийтийн харилцаа, хэвлэл мэдээллийн чиглэлээр баримтлах бодлогын төслийн талаар хэлэлцэхээр болсон байна.