ВИДЕО: Буутай этгээд хамгаалалтын цэгийг 4 секундэд нэвтэлсэн бичлэгийг олон нийтэд дэлгэжээ

ВИДЕО: Буутай этгээд хамгаалалтын цэгийг 4 секундэд нэвтэлсэн бичлэгийг олон нийтэд дэлгэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын оролцож байсан Цагаан ордны сурвалжлагчдын холбооны оройн зоогийн үеэр гарсан халдлагын шинэ бичлэгийг прокурорууд олон нийтэд дэлгэжээ. Уг бичлэгт буутай этгээд зочид буудлын үүднээс гарч ирээд ердөө дөрвөн секундын дотор хамгаалалтын шалган нэвтрүүлэх цэгийг нэвтэлж буй нь харагдах ажээ. 

ВИДЕО: 

Хяналтын камерын дүрснээс үзэхэд, сэжигтэн урт хар хүрэм өмсөн коридороор алхаж, хэсэг хугацааны дараа хүрмээ тайлан гарч ирээд металл илрүүлэгчийн зүг гүйжээ. Прокуроруудын мэдээлснээр, тэрээр хүрэм дотроо 12 калибрын буу нуусан байжээ. Бичлэгт хамгаалалтын ажилтан сэжигтэн рүү гал нээж буй нь харагдах боловч буутай этгээд өөрөө буудсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Нууц албаны нэг ажилтан буудлагын үеэр шархадсан ч сум нэвтэрдэггүй хантааз өмссөн байсан тул амь насанд нь аюул учраагүй гэж албаныхан мэдээлсэн юм. 

Халдлагыг үйлдсэн гэх 31 настай Коул Томас Алленыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг хөнөөхийг завдсан хэргээр буруутган шалгаж байгаа бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээгээгүй байгаа аж. Түүнийг хагас автомат гар буу, шахуургын буу, гурван хутгатай байсан гэж буруутгажээ.

Мөрдөн байцаалтын явцад К.Т.Аллен оройн зоогийн өмнөх өдөр Вашингтон Хилтон зочид буудалд байрлаж, дотоод орчныг судалж байсан нь тогтоогдсон байна. Мнө бичлэгт аюулгүй байдлын бүсийн орчимд олон тооны хамгаалалтын ажилтан байрлаж байсан нь харагджээ. К.Т.Алленд галт зэвсэг хууль бусаар тээвэрлэсэн, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэх үед буу ашигласан зэрэг нэмэлт ял тулгах боломжтой бөгөөд эдгээр нь тус бүр 10 хүртэлх жилийн ялтай ажээ.

Эх сурвалж: BBC