Нийслэлийн 2026 оны төсвийг боловсруулахтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ирэх жилүүдэд Хан-Уул дүүрэгт барихаар төлөвлөж буй авто замын трасс дагуу ажиллажээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр барих 3.6 км авто замыг барих ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөсөн аж. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн хамгийн түгжрэл ихтэй замуудын нэг бол Чингисийн өргөн чөлөө буюу Яармагаас 19-р хороолол хүртэлх зам байдаг. Тус замын ачааллыг бууруулахаар Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн зам дагуу 3.6 км авто зам барина. Тус авто замын трасст найман нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг ойрын хугацаанд эхлүүлнэ. Мөн бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн нэмэлтээр Яармагийн шинэ гүүрнээс уг авто зам руу холбогдох трасст өртсөн нэгж талбарыг чөлөөлж буй. Өөрөөр хэлбэл Яармагийн шинэ гүүрнээс Зайсан гүүр хүртэлх авто замын төлөвлөлтийг хийсэн" гэв.