“Малчны хүүхэд” хоёр жил цахимаар, гуравдугаар ангиасаа танхимаар суралцах хуулийн төслийг боловсруулж байна

“Малчны хүүхэд” хоёр жил цахимаар, гуравдугаар ангиасаа танхимаар суралцах хуулийн төслийг боловсруулж байна

Монголын боловсролын салбарын томоохон шинэчлэлүүдийн нэг нь 2006 онд хийгдсэн эрх зүйн өөрчлөлт байлаа. Тодруулбал, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх суурь бүрдэж, 2008–2009 оны хичээлийн жилээс эхлэн хүүхдүүд зургаан настайдаа сургуульд элсэн суралцах болсон.

- СУУРИН ГАЗАРТ Ч ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХЭД СУРГУУЛЬД ЯВАХАД БАЛЧИР БАЙДАГ - 

Энэхүү өөрчлөлт нь олон улсын жишигт нийцэх, төгсөгчдийг шууд дараагийн шатны боловсролд шилжих боломжийг бүрдүүлэх давуу талтай байв. Өмнөх 11 жилийн тогтолцоогоор төгссөн сурагчид гадаадын зарим их, дээд сургуульд элсэхийн тулд нэмэлт хугацаа хүлээх шаардлагатай байсан бол 12 жилийн систем энэ бэрхшээлийг арилгасан юм. Өдгөө 18 дахь жилдээ үргэлжилж буй энэ шийдвэр бодит амьдрал дээр, ялангуяа хөдөө орон нутгийн малчин өрхөд олон сорилт дагуулаад буй юм.  Гэхдээ бас дан ганц малчин ч биш суурин газарт амьдардаг хүмүүс ч зургаан настайдаа сургуульд явах нь арай балчир байгаа тухай яриа жил жилийн хичээлийн шинэ жилийн эхэнд яригддаг билээ. Аав ээжээсээ холдож үзээгүй зургаан настай бяцхан хүүхдүүд дотуур байрны өрөөнөөс ганцаараа хичээлдээ явдаг, өмнө нь уулзаж ч үзээгүй садангийн айлдаа “Уйлахгүй шүү би” гээд хоцордог, хүүхдүүдээ сургуульд сургахын төлөө эм нь сумын төвд айлын хашаа бараадаж, эр нь хэдэн малаа дагаад хөдөө хөхөрч явдаг “хэцүү” ийм асуудлууд байдаг л юм шиг болтлоо ужгирч 18 жилийг туулсан байна.

- МАЛЧИД ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ТУХАЙН ОНД НАЙМАН НАС ХҮРЭХ ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД ОРУУЛЖ БОЛНО - 

Сургуулийн хүүхдийн насыг уян хатан болгох, хойшлуулах талаар олон санал энэ хугацаанд яригдсан ч бодит ажил хэрэг болсон нь үгүй. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл УИХ-ын гишүүн Р.Сэддорж "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг боловсруулж байгаа нь анхаарал татаж анхаарал татаж байна. Тодруулбал, тус хуулийн заалтын дагуу бол малчид өөрийн хүсэлтээр тухайн онд найман нас хүрэх хүүхдээ сургуульд оруулж болно. Мөн хүсэлтээ өгвөл хүүхэд нь нэг, хоёрдугаар ангийн хичээлээ цахимаар судалж, гуравдугаар ангиасаа буюу найман настайдаа танхимаар үргэлжлүүлэн сурах боломжтой аж. 

Энэхүү өөрчлөлт нь нэг талаас харьцангуй биеэ даасныхаа дараа сургуульдаа явах давуу талтай мэт боловч нөгөө талд боловсролын тэгш хүртээмж, чанарын асуудал хөндөгдөнө. Бусад хүүхэд зургаан настайгаасаа танхимаар суралцаж, малчны хүүхэд нь гэртээ сууж байвал наад зах нь анги хамт олонтойгоо, багштайгаа харилцахаас эхлээд нийгэмшлийн асуудал, цаашлаад сургалтын чанарын асуудал яригдана. Аав ээж нь гэртээ суулгаж байгаа “А, Б” гээд заачихдаг бол багш байхын хэрэг юу билээ. Түүнчлэн өргөн уудам нутагтай монгол орны хөдөө нутагт цахимаар хичээл үзэх боломж, техник хэрэгслийн чанар олдоц ямар вэ гэсэн өөр бас нэг асуулт үлдэж байна.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө