СУРВАЛЖИЛГА: УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хуулийн төслийг танилцуулах анхны хэлэлцүүлэг боллоо

СУРВАЛЖИЛГА: УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хуулийн төслийг танилцуулах анхны хэлэлцүүлэг боллоо

"Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" эрх зүйн орчин бүрдүүлэх талаар олон жил яригдсан асуудал бодит ажил хэрэг болохоор анхны хэлэлцүүлгээ хийлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийн танилцуулах анхны хэлэлцүүлэг өнөөдөр ШУТИС -д болсон юм.

ВИДЕО: 

Энэхүү хуулийн төсөл нь хөдөлмөрийн харилцаанд орж буй оюутнуудын эрхийг хамгаалах, төрийн бодлогын оролцоог тодорхой болгох, ажил олгогчдыг дэмжих, урамшуулах, мөн дадлагажих хөтөлбөрийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь зохицуулах зорилготой. 

- ХУУЛИЙН ТӨСӨЛД ОЮУТНУУДЫГ НДШ-ЭЭС ЧӨЛӨӨЛӨХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТУСГАХААР БОЛОВСРУУЛЖ БАЙНА - 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир “Манай ажлын алба энэ хуулийн төсөл дээр жил гаруйн хугацаанд ажилласан. Оюутан хөдөлмөр эрхлэх нь зөвхөн Монголд байдаг үзэгдэл биш, дэлхийн бүх улс оронд байдаг нийтлэг практик. Оюутнууд хичээлийн бус цагаараа ажиллаж, ирээдүйн ажлын байрандаа бэлтгэгддэг. Гэтэл манайд төгсөж буй оюутнуудыг ‘туршлагагүй’ гэх шалтгаанаар ажилд авахгүй байх нь түгээмэл байна. Төгсөж байгаа залуусаас ямар туршлага шаардаад байна вэ гэдэг асуулт гарч ирдэг” хэмээн онцоллоо. Тэрбээр мөн судалгааны дүнд дурдсанаар нийт оюутнуудын 70 орчим хувь нь хөдөлмөр эрхлэхийг дэмжиж буйг хэлэв. Гэвч эрх зүйн тодорхой зохицуулалт дутмаг байгаа нь оюутнууд төдийгүй ажил олгогчдод ч хүндрэл учруулж байгаа аж.

Тухайлбал, оюутан гурав хоног ажилласан ч, эсвэл зуны амралтаараа богино хугацаанд ажилласан ч нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагатай болдог нь ажилтанд ч, оюутанд ч санхүүгийн дарамт үүсгэдэг байна. Иймээс уг хуулийн төсөлд оюутнуудыг ажил эрхлэх хугацаанд НДШ-ээс чөлөөлөх зохицуулалт тусгахаар боловсруулжээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир

- ОЮУТАН АЖИЛЛУУЛЖ БАЙГАА КОМПАНИД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ, КОМПАНИ НЬ ЭРГҮҮЛЭЭД ЦАЛИН ДЭЭР НЬ НЭМБЭЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ -

Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн оюутан, сурагчид оролцон хуулийн төслийн танилцуулгыг сонсож, санал бодлоо хуваалцсан юм.  ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн IV түвшний оюутан н.Цолмон “Оюутнуудад хичээлийнхээ хажуугаар хийх ажил олдох нь ховор. Олдсон ч бүтэн 8 цаг ажиллаад 50 мянган төгрөгийн цалин авдаг. Гэсэн ч ‘мөнгө олж байна’ гээд л зөвшөөрдөг” хэмээн ярив.

Харин Текстилийн инженерчлэлийн IV түвшний оюутан Г.Өлзийбүрэн “Оюутнуудад тогтмол ажил олддог, хамгийн боломжтой газар нь CU, GS25 зэрэг дэлгүүрүүд. Гэхдээ цагийн хөлс 5-7 мянган төгрөг. Үүнээсээ НДШ, татвараа төлөөд бараг юу ч үлдэхгүй. Миний бодлоор оюутан ажиллуулж байгаа компаниудад татварын хөнгөлөлт үзүүлээд, тэр хөнгөлөлтийг нь оюутнуудын цалин дээр нэмбэл илүү үр дүнтэй. Ингэж ажиллаж дадлагажсан оюутнууд буцаад нийгэмдээ ач гавьяагаа үзүүлнэ шүү дээ” гэсэн санал хэлсэн юм.

Энэ мэтээр оюутнуудын бодит амьдрал дээр тулгарч буй асуудлууд хэлэлцүүлгийн үеэр илүү тодорхой болж, цаашид хуулийн төсөлд тусгах санал, шийдлүүдийг цуглуулж байлаа. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэхүү хуулийн төсөл нь зөвхөн оюутнуудын орлогыг нэмэгдүүлэх бус, тэднийг ажлын туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.