Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайтай холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байна. Түүнийг нийслэлийн томоохон төслүүдийг өөрийн хамаарал бүхий компаниудад давуу байдал олгож, улмаар их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн.
Цагдаагийн Ерөнхий газрын өгсөн мэдээллээр, уг хэрэгт нийт 6.6 тэрбум төгрөгийн дүн яригдаж байгаа юм. Иймээс Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйл ангиар яллагдагчаар татаад байгаа юм. Харин Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөө мэдэгдсэн.
Тэгвэл дараагийн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч хэн болох вэ гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Одоогоор тус албан тушаалд Б.Мөнхбат, Б.Сэмжидмаа нарын нэр яригдаж байгаа бололтой. Эдгээр хоёр хүний хувьд улс төрийн замнал, туршлага нь өөр өөр чиглэлтэй тул харьцуулж харах шаардлага үүсэж байна.
"ТӨЛӨӨЛӨГЧ Б.МӨНХБАТ НЬ 2024 ОНООС НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫГ УДИРДАЖ БАЙНА"
НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат нь боловсролын салбараас ажлын гараагаа эхэлж, улмаар дүүрэг, нийслэлийн захиргааны байгууллагуудад шат дараалан ажилласан. Тэрбээр Удирдлагын академид магистрын зэрэг хамгаалж, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай. Улмаар 2016, 2020, 2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн 2024 оноос Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг удирдаж ажилласан нь хотын төсөв, хөрөнгө оруулалтын бодлоготой ойр ажилласныг харуулж байна. Ийм туршлага нь давуу тал болох ч нөгөө талаараа систем дотор удаан ажилласан хүний хувьд шинэчлэл хийх боломж хэр байх вэ гэсэн асуулт мөн гарна.

"ТӨЛӨӨЛӨГЧ Б.СЭМЖИДМАА НИТХ-ЫН ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА"
Харин НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа нь багш мэргэжилтэй. Улмаар удирдлагын чиглэлээр мэргэшиж, улс төр судлалын чиглэлээр ахисан түвшинд суралцсан. Тэрбээр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж, НИТХ-д сонгогдсон нэгэн юм. Түүний хувьд нийгмийн бодлого, орон нутгийн удирдлагын түвшинд ажилласан туршлага их. Мөн НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны даргаар ажиллаж буй. Томоохон дэд бүтцийн төслүүдтэй шууд холбогдож байгаагүй нь зарим талаараа давуу тал гэж үзэх боломжтой. Учир нь төсөв, тендер, бүтээн байгуулалтын “гал тогоонд” нь байсан хүн мөнгөний урсгалыг өөрөөр эргүүлэх боломжтой байдгийг бид харсан. Гэхдээ том төсөл, хөрөнгө оруулалтын менежментийн туршлага харьцангуй бага гэдэг нь бас анхаарах хүчин зүйл гэдгийг тодотгох нь зүйтэй.

Эцсийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар гаргана. Энэ удаагийн томилгоо нь зөвхөн нэг албан тушаалтныг сонгох асуудал биш. Харин хотын дарга иргэдийн итгэлийг сэргээх хувилбар сонгох уу, эсвэл туршлагыг харгалзан үзэх үү гэх сонголттой тулах бололтой.