Жил бүр Reporters Without Borders (RSF) байгууллагаас гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 2026 онд 85-р байрт жагсаж, өмнөх оноос 17 байр ахисан үзүүлэлттэй байна.
Сүүлийн жилүүдийн үзүүлэлтийг харвал Монгол Улс 2015-2021 онд харьцангуй тогтвортой буюу 54–73-р байранд эрэмбэлэгдэж байсан бол 2022 оноос эхлэн огцом буурч, 2024 онд 109-д хүрсэн. Харин 2026 онд тодорхой хэмжээнд сэргэж байгаа ч өмнөх түвшиндээ бүрэн хүрээгүй хэвээр байна. RSF-ийн тайланд дурдсанаар, Монголын хэвлэл мэдээллийн орчинд эдийн засгийн хараат байдал, улс төрийн нөлөө, өмчлөлийн төвлөрөл нь редакцийн хараат бус байдалд нөлөөлсөн хэвээр байна. Мөн сэтгүүлчдийн хувьд шууд хүчирхийлэл бага ч шүүхийн дарамт, нөлөөллийн хэлбэрүүд ажиглагддаг гэж үнэлжээ. Иймээс ахиц гарсан ч Монгол Улс одоогоор “дунд түвшин буюу асуудалтай ангилал”-д багтаж байгаа бөгөөд цаашид хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн хараат байдлыг бууруулах, редакцийн хараат бус байдлыг хамгаалах шаардлагатай гэж дүгнэсэн байна.