"Ж.Эпштэйнтэй холбоотой хэрэг"-ээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Н.Учралд асуулт тавьжээ

"Ж.Эпштэйнтэй холбоотой хэрэг"-ээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Н.Учралд асуулт тавьжээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, мөн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд асуулт тавьсан байна.

Тэрбээр цахим хуудсандаа нийтэлсэн мэдээлэлдээ, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн, мөн хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн хэрэгт шалгагдаж байхдаа нас барсан Жеффри Эпштэйнтэй холбоотой асуудал олон улсын анхаарлын төвд байгааг онцолжээ.

Түүнчлэн АНУ-ын Конгрессоос 2025 оны 11 дүгээр сард баталсан Epstein Files Transparency Act-ийн хүрээнд ил болсон баримт бичгүүдэд шинэ мэдээллүүд дэлгэгдсэн талаар дурдсан байна. Уг материалуудад Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудал, мөн Монголын нэр бүхий улс төр, бизнесийн хүрээний хүмүүс холбогдсон тухай мэдээлэл гарч буйг тэрбээр тэмдэглэжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон бусад албан тушаалтнуудын нэр дурдагдсан тухай мэдээлэл гарч буйтай холбогдуулан уг асуултыг тавьж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Эрдэнэт, Оюутолгой зэрэг стратегийн ордуудтай холбоотой асуудлууд ч хөндөгдөж буйг онцолжээ.