Хонгконг-Улаанбаатар чиглэлийн 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн нислэгээр ирсэн Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан үйлдлийг Гадаадын иргэнхарьяатын газраас илрүүлсэн талаар бид мэдээлсэн. Тухайн иргэд “Би Си Эйч ресурс” ХХК-ийн нэр дээр С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт илгээсэн боловч уг хүсэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байхад визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн байсан юм.
ВИДЕО:
Тэгвэл Индонезийн иргэд хуурамч байж визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх асуудал нь "Эйч ар экспертс" гэх хөдөлмөр зуучлалын компанийн алдаатай үйлдлээс болсон байж магадгүй байна.
Тодруулбал, /2026.02.13/-аас эхлэн “Эйч Ар Экспетрс” гэх хөдөлмөр зуучлалын компани нь “Би Си Эйч ресурс” компанид ажиллах хүч бүрдүүлж өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан байна. Гэрээнд зааснаар уг хөдөлмөр зуучлалын компани нь хуулийн дагуу Би Си Эйч ресурс компанид 26 хүнд машин механизмын операторыг Индонез улсаас зуучилж, Монгол улсад ирүүлэх ёстой байсан ч “Эйч Ар Экспертс” компани нь Индонез улсын иргэдийн С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байхад гэрээний нөхцөлөө зөрчиж, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж, дээрх иргэдийг улсын хилээр оруулж ирэхийг завдсан байна. Тэгвэл бид Эйч Ар экспертс гэх хөдөлмөр зуучлалын компанитай гэрээ байгуулж ажилласан “Би Си Эйч ресурс” компанийн Хүний нөөцийн ажилтан Э.Хишигжаргалаас нөхцөл байдлыг тодрууллаа.

-ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛӨӨ ЗӨРЧИЖ, БИДНИЙГ ХОХИРООСОН “ЭЙЧ АР ЭКСПЕРТС” КОМПАНИТАЙ ХУУЛИЙН ДАГУУ АСУУДЛАА ШИЙДЭЖ, ХАРИУЦЛАГА НЭХНЭ-
-Танай компани ямар үндэслэлээр уг хэрэгт холбогдоод байгаа вэ?
-“Эйч Ар Экспертс” компани нь бусад байгууллагыг ажиллах хүчээр хангаж, хүний нөөц бүрдүүлж өгдөг газар. Тиймээс бид үйл ажиллагааны хүрээнд хүнд машин механизмын операторуудыг зуучлуулахын тулд /2026.02.13/-аас эхлэн уг компани гэрээ байгуулан ажилсан. Гэрээнд заасан үүргийн дагуу тэд бидэнд Индонез улсаас 26 хүнд машин механизмын операторыг зуучилж өгөхөөр болсон юм.
Үүний үндсэн дээр “Эйч Ар Экспертс” компаниас бүх ажилчдын бүрдүүлэх материал, визийн зөвшөөрөл гарсан, гэж мэдэгдээд бид /2026.04.28/-ны өдөр ажилчдаа Монгол Улс руу авахаар болсон юм. Гэтэл ажилчид маань Монголд буух үед Гадаадын иргэн харьяаллын газраас бидэнд танай компанийн нэр дээр ирсэн зорчигчид зөвшөөрөлгүй виз ашигласан байна гэж мэдэгдсэн.
-Тухайн үед иргэдийн визийг бүрдүүлсэн зуучлагч компанийн зүгээс ямар тайлбар өгсөн бэ?
-“Бид ямар ч хуурамч виз бүрдүүлээгүй, асуудал байхгүй” гэж хэлсэн ч үнэн хэрэгтээ Гадаадын иргэн харьяаллын газраас хуурамч виз бүрдүүлсэн зөрчил үйлдсэн байна гэсэн. Бид энэ зөрчил үйлдсэн явдалд ямар ч хамаагүй.
Манай компанийн хувьд захиалагч тал учир зуучлагч талын хариуцлагагүй үйлдлээс болж нэр хүнд, ажиллах хүчээрээ хохироод байна.
-Индонез улсаас ирсэн 26 иргэн нь яахаар шийдвэрлэгдэсэн бэ?
-Нутаг буцаах ёстой гэсэн шийдвэр гаргасан байна лээ. Тиймээс манай байгууллагын зүгээс тухайн иргэдийн буцах нислэгийн тийз болон бас буц асуудлуудыг зохицуулаад тухайн Индонез улсын иргэдээ нутаг буцаана. Харин гэрээний нөхцөлөө зөрчиж, биднийг хохироосон “Эйч Ар Экспертс” компанитай хуулийн дагуу асуудлаа шийдэж, хариуцлага нэхэж, хохирлоо барагдуулна. Хууль хяналтын байгууллагууд ч гэсэн нягталж шалгасны үндсэн дээр зөв шийдвэр гаргаж, зохих хүмүүстэй хариуцлага тооцно гэж найдаж байна.