Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХөҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 56 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, 2025.09.18-ны өдөр Говь-Алтай аймгийн Онцгой комисстой хамтарсан хуралдаан хийлээ.

Говь-Алтай аймгийн хэмжээнд 8.1 мянган малчин өрхөд 3.2 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 4.3 сая толгой мал тоологджээ. Үүнээс 306.7 мянган толгой, зах зээлд борлуулах 610.1 мянган толгой, 917 мянга орчим толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж, мах бэлтгэлийг эрчимжүүлэхээр малчдад мэдээлэл хүргүүлж эхэлсэн байна. Аймгийн Засаг даргын захирамжаар 6 ажлын хэсэг гарч, нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар сумдад ажиллаж байгааг Ажлын хэсэгт танилцуулав.
Говь-Алтай аймаг 2025 оны хавар үр тариа улаанбуудай 147 га, бусад үр тариа 294 га, төмс 42 га, хүнсний ногоо 87 га, малын тэжээл 725 га, жимс жимсгэнэ 130 га нийт 1431 га талбайд тариалалт хийжээ. 2025.09.15-ны өдрийн байдлаар ургац хураалтын явц 30.7 хувьтай үргэлжилж байна. Мал аж ахуйн хэрэгцээнд Халиун сумын Ёлтонгийн услалтын системтэй талбай болон Гуулин тосгонд нийт 250 га талбайд тариалжээ. Аймгийн аюулгүйн нөөцөд 50 тн тэжээл, сумдын нөөцөд нийт 100 тн өвс, 133.2 тн тэжээл бэлтгэсэн. Түүнчлэн 200 тн өвс, 25 тн тэжээлийг 200 сая төгрөгөөр нэмж бэлтгэхээр худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Хадлангийн талбайгаас 2967 тн хадлан бэлтгэх тооцоотой байгаа талаа мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар 1655 тн хадлан бэлтгэсэн мэдээг сумдаас ирлүүлээд байгаа юм.
Аймгийн Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 5 сумын 250 малчин өрхийн 154.2 мянган толгой мал, хилийн зурваст хоёр сумын 97 өрхийн 45.5 мянган толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гарсан. Говь-Алтай аймгаас бусад аймгийн нутагт 44 өрхийн 20.5 мянган толгой мал, дотоодын сум хооронд 7 өрхийн 5.3 мян толгой мал оторлож байна.
Аймгийн Онцгой комиссын гишүүдийн зүгээс Засгийн газраас тогтоосон хэмжээнд аюулгүйн нөөц бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор сумдын хүн эмнэлгийн автомашин, шаардлагатай, мал, мал эмнэлгийн санхүүжилтийг хассан нь хүндрэл учруулж байгаа, Бургастайн хилийн боомтоор мал, мах экспортод гаргах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг ХХААХҮЯ-ны Ажлын хэсэгт уламжиллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн аймгийн Онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан, бэлчээрийн судалгаа, зудын эрсдэлийн үнэлгээгээр Говь-Алтай аймаг эрсдэлтэй бүс нутагт хамаарч байгааг тодотгосон. Болзошгүй эрсдэлд аймаг, сум, баг хүртэл бүх төрийн шатны байгууллагын бэлэн байдалд байлгаж, хооронд уялдаа холбоог сайжруулах, малчдыг бодит мэдээллээр хангаж, өвөлжилтийн бэлтгэлийг малчдын түвшинд сайтар хангуулах, нөөцөд авч буй өвс, тэжээлийн чанарт анхаарч, гарал үүслийн бүртгэл хийх зэрэг чиглэл өглөө.