СУРВАЛЖИЛГА: Иргэдийн тусламжтай унтраасан Богд уулын Баруун ширээтэд гарсан түймрийн ул мөр одоо ч арилаагүй байна

СУРВАЛЖИЛГА: Иргэдийн тусламжтай унтраасан Богд уулын Баруун ширээтэд гарсан түймрийн ул мөр одоо ч арилаагүй байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд өнгөрсөн хавар /2025.04.28/ гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртсөн байдаг. Улмаар түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газар болон энгийн иргэд зэрэг олон хүн ажиллаж цурамд оруулсан байдаг.

Нэгэнт шатсан ой нүд хальтрам болж, сэргэлт авдаггүй билээ. Иймд иргэдийн аялал, зугаалга эхэлсэн байгаа энэ үед ууланд гарах, аялахдаа санамсар болгоомжтой яваасай гэсэн үүднээс энэ удаагийнхаа сурвалжилгыг бид өнгөрсөн хавар галд өртсөн, Богд уулын Баруун ширээтээс бэлтгэн хүргэж байна.

ВИДЕО:

-ӨНГӨРСӨН ХАВАР ГАРСАН ТҮЙМРИЙН ДАРААХ ОЙ МОД ДАХИЖ СЭРГЭЭГҮЙ-

Өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сарын 28-нд гарсан түймрийг унтраахад олон иргэд гар бие оролцсоныг та бүхэн санаж байгаа байх. Энэ түймрийн шалтгаан, нөхцөл, хэрхэн унтраасан талаар бид Байгаль хамгаалагч Б.Ариунболдоос тодрууллаа. Тэрбээр, “Миний зогсож байгаа энэ газар бол Зайсангийн амны Баруун ширээтэй оргил гэх газар. Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр 18:00 цагийн үед Богд уулын Баруун ширээтэд гал гарсан байна гэсэн мэдээллийг анх аваад цагийн дотор л ирсэн байх. Наашаа явган алхаад гарч ирсэн. Ирээд харахад нөхцөл байдал хэдийнээ хүндэрсэн, нэлээд хэцүү байсан. Тэгээд ОБЕГ-ыг дуудсан. Мөн иргэд сайн дураараа ус зөөж, галыг унтраасан.

Гал унтраах ажиллагаанд манай иргэд халуун сэтгэлээр оролцсон. Гэр бүлийн хоёр хүн хүүхдээ унтуулчихаад явж байна гээд хоёулаа таван летрийн хоёр ус барьчихсан явж байгааг хараад дотроо их баярлаж байлаа. Тухайн үед дугуй цагаан хүртэл ус барьсан иргэд цуваа үүсгээд ирсэн байсан нь Монголчууд байгаль дэлхийгээ хайрладаг, нэгдэж чадвал ямар хүчтэй юм бэ гэдгийг харуулсан. Бид үр хүүхдүүд болон хойч үедээ Богд уулаа онгон дагшнаар нь үлдээнэ гэдэг бол бидний ирээдүйд хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. Энэ хавар миний хариуцсан энэ бүс нутагт том, жижиг нэлээд хэдэн гал, түймэр гарсан. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр нөгөө л иргэдийн санамсар болгоомжгүй байдал, ухамсартай холбоотой.

Ууланд гарсан түймэр нь хоёр эсвэл гурван өдрийн дараа эргэж асах өндөр магадлалтай байдаг. Яагаад гэвэл хөвдөн доогуур уугиад явчихдаг учраас дахиж гал гарах гээд байдаг юм. Гал түймрээс улбаатай хор хөнөөлийн нэг жишээ нь мод ургахгүй, тэр чигтээ үхдэг гэсэн үг. Хүн харахад ч сэтгэл эмзэглэмээр дүр зураг. Саяхан гэхэд л манай Зайсан толгойд жижиг гал гаран. Улмаар онцгой байдлынхан очиж унтраагаад байж байхаад хажууханд утаа гараад байсан учраас очиход хүмүүс гал түлээд, хоол хийж байсан. Очоод шаардлага тавихад иргэд “Энэ бол бидний эрх, бид Монгол Улсынхаа хаана, яаж байх нь бидний дур” гэсэн зүйл ярьж байгаа юм. Мэдээж тэр хүмүүст эрх гэж байгаа ч үүрэг гэж бас байдаг шүү. Даанч зарим хүмүүс маань түүнийг нь ойлгохгүй, хүлээж авахгүй байгаа юм л даа. Иргэд сонор сэрэмжтэй байж, болж өгвөл байгалиа биеийнхээ нэг эд, эс шиг л хайрлаж яваарай гэж иргэдээсээ гуймаар байна” гэв.

-ИРГЭД АСААСАН ГАЛАА БҮРЭН УНТРААГААГҮЙГЭЭС БОЛ ОЙН ТҮЙМЭР ГАРЧ БАЙНА-

Мөн ууланд гарч буй иргэд галаа өөрсдөө унтраасан байлаа ч зөв унтраах техник мэдэхгүйгээс гал алдах тохиолдол хамгийн их байдаг байна. Энэ талаар байгаль хамгаалагч Э.Олзвойгоос тодрууллаа. Тэрбээр, “Богд ууланд гарсан түймэр нь явган аялагчдаас голдуу болж байгаа юм. Тэд татаж байсан тамхиа хаядаг. Гарсан түймрийн эзнийг тогтоох гэхээр тогтоогддоггүй. Уулаар дүүрэн аялагч, алхагчид байхад бид алийг нь гэх вэ дээ. Иргэд дулаацах, хоол унд хийж идэхдээ гал түлээд түлсэн галаа унтраачхаад явдаг.

Гэтэл түлсэн гал нь доош хөвдөндөө орчихоод хэдэн өдөр, хэдэн цагийн дараа өөр газраар гарч ирээд байдаг. Хүмүүс яахав унтраагаад орхино. Гэхдээ доогуураа уугьсан байсныг дутуу унтраагаад байна гэсэн үг. Тэгэхээр гал түлсэн бол тэр газраа усаа хийгээд шалба нортол нь хутгаж, ухаж унтраах хэрэгтэй. Мөн асаагуурнаас хамгийн их гал алддаг гэж би боддог. Учир нь иргэд ууланд явж байгаад асуугаараа унагаачихдаг. Тэгээд нар гарангуут нөгөөх нь дэлбэрэх аюултай байдаг. Иргэдийн хаясан гээсэн зүйлээс болж их түймэр гардаг даа” гэлээ.

-ӨНГӨРСӨН ХАВАР ГАРСАН ТҮЙМСЭРТ ИРГЭДИЙН ОРОЛЦОО МАШ ИХ БАЙСАН НЬ ГАЛ УНТРААХАД ДЭМ БОЛСОН-

Түүнчлэн өнгөрсөн хавар гарсан түймэрт иргэд маш их идэвх чармайлттай ажилласны үр дүнд галыг унтраасан. Иймд иргэдийн оролцоо, байгаль эх дэлхийд хамгийн их үр нөлөөтэй байхаар харагдаж байна. Энэ талаар бид байгаль хамгаалагч Н.Баасансүрэнгээс тодрууллаа. Тэрбээр, “Дөрөвдүгээр сарын 28-нд гарсан түймрийн дараа энэ газрыг харахад үнэхээр нүд хальтрам байсан. Тухайн үед хуурайшилттай байсан. Одоо бол ногоо ургаад чийг өгчихсөн болохоор харагдах байдал нь арай гайгүй болсон байна. Түймэр гарсны дараахан үнэхээр сэтгэл эмзэглэмээр харагдаж байсан. Энэ их хохирол нь ганцхан иргэний санамсаргүй хаясан шүдэнзнээс болдог.

Энэ санамсар болгоомжгүй байдалд иргэд үнэхээр их ухамсартай, хариуцлагатай баймаар байна. Гал гарахад иргэд тусалж байгааг хараад байгаль хамгаалагчид үнэхээр их баяртай байдаг. Мото клуб, авто клубийн залуучууд бүр ардаа ус тонноор нь аччихсан өөдөө зүтгээд л гараад ирж байгаа юм. Түүнийг нь хараад Монголчууд ямар өгөөмөр бас зарим нь ямар хариуцлагагүй юм бэ гэж бодож байлаа. Манай Богд ууланд жижиг, том нийлсэн олон түймэр гарч байна. Өнөөдөр хүртэл иргэдээс үүдэлтэй түймэр гараад, байгаль хамгаалагч нар унтраасан” гэв. Иймд иргэд та бүхэн аялах, амрах, алхахаар ууланд гарахдаа галаа ном журмынх нь дагуу сайтар унтрааж байгаарай. Эс бөгөөс гал алдаж, байгаль эх дэлхий, амьд амьтан сүйдэх эрсдэлтэй байдгийг анхаарна уу.




Өнөөдөр нохой өдөр

11 цагийн өмнө