Байрны атаман “Болтрон Бооёо” зодоонд маш сайн. Харин нэг удаа Лхагвасүрэнтэй зодолдсон гэнэ лээ. Лхагвасүрэн ердөө л ганц нясалсан. Түүнээс хойш тархиндаа согогтой болоод өөрийгөө Гитлер гэж боддог болсон гэнэ лээ.
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлах нийслэлийн 122 дугаар сургуулийн 6-З ангийн сурагчид “Болтрон Бооёо” трэнд бичлэгийг ангийн багш Т.Үүрцайхтай хамт хийж цахим орчинд байршуулсан нь олон хүмүүст эерэг энерги бэлэглэсэн юм. Тэгвэл ангийн багш Т.Үүрцайх нь тус сургуульд найман жил Зурагзүй, дүрслэх урлагийн багшаар ажилласан бөгөөд БНСУ-д Сувоны их сургуульд сэтгэлзүйч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Бид 6-З ангийн багш сурагчидтай уулзаж дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
ВИДЕО:
-БАГШ ЯГ ЖҮЖИГЧИН ШИГ САНДАЛ ДЭЭРЭЭС НЯСЛУУЛЖ, ХҮЧТЭЙ УНАЖ БАЙГААГ ХАРАХАД МАШ ХӨГЖИЛТЭЙ БАЙСАН-
6-З ангийн сурагчдын зүгээс “Багштайгаа энэ бичлэгийг хийж байхад маш хөгжилтэй байсан. Ялангуяа багш сандал дээрээ няслуулаад унаж байгаа хэсгийг харахад маш хөгжилтэй байсан. Бид бүгдээрээ инээсэн. Багш маань биднийг өдөр бүхэн инээлгэдэг.
Багшийн маань хийж байгаа үйлдэл бүхэн зодолдож байгаа, зодолдох гэж дэвхцэж байгаа, няслуулж ойчиж байгаа нь маш хөгжилтэй байсан. Бидэнд зориулж яг жүжигчин шиг дүрдээ ороод сандал дээрээс маш хүчтэй унасан. Тэр үед бид бүгдээрээ аз жаргалтай маш гоё байсан” хэмээн ам уралдан ярьцгаасан юм.
Харин ангийн багш Т.Үүрцайх ярихдаа “Хүүхдүүд маань орж ирээд “Багш аа бүгдээрээ хамт энэ бичлэгийг хийх үү. Бид таньтай хийж болох уу. Хүмүүст эерэг энерги, сэргээш өгмөөр байна” гэсэн. Би ч тэр дор нь зөвшөөрсөн. Манай анги зургийн анги болохоор будаг бийр бэлэн байсан. Тэгээд их завсарлагааны 10 минутад "Болтрон Бооёо" бичлэгийг хийсэн. Хүүхдүүд маань надад “Багш аа та Гитлер бол. Одоо ингэ, тэг” гээд заавар өгөөд, өөрсдөө зураглаач хийсэн” гэв.
-СУРАГЧДАД БҮГДЭД НЬ ИЖИЛ СЭДЭВ, ИЖИЛ ЦААС, 12 ӨНГИЙН ХАРАНДАА ӨГӨХӨД ӨӨР ӨӨР ӨНГӨӨР ӨӨРСДИЙГӨӨ ИЛЭРХИЙЛДЭГ-
Биднийг очиход 6-З анги танхимаар хичээллэж байсан бөгөөд ангийн багш Т.Үүрцайх бяцхан шавь нартаа Ардын зураач Х.Цэрэндоржийн “Зарцын нүүдэл” зургийг самбарт зурж өгч байсан юм. Харин шавь нар нь түүнд “Багшаа та яг бодит юм шиг зурж байна” хэмээн урам өгч байлаа.
-Та Зурагзүй, дүрслэх урлагийн багш юм байна. 6-З ангийг авахаас өмнө анги даасан багшаар ажиллаж байв уу?
-Энэ жил би анх удаа анги даасан багш болж байгаа.6-З ангийг аваад надад өөрийгөө жинхэнэ утгаар нь багш гэж мэдэрсэн. Би одоо л яг багш юм байна гэж бодогдсон.
Намраас хойш сурагчидтайгаа тулж ажиллаа. Манай ангийнхан хэлдэг. “Багш аа би энд суугаад ийм боллоо” гээд хэлнэ. Жаахан сахилгагүй хүүхдүүдээ би хананд шахаад суулгачихдаг. Охидуудаараа халхалж байна гэсэн үг. Тэгээд тэр хүүхдүүд маань босохгүй яг хичээлээ хийгээд анхаараад суудаг гэх мэт хүүхдүүдтэй ажиллах янз бүрийн арга туршиж үздэг.
-Таны хувьд БНСУ-д сэтгэлзүйчээр магистрын зэрэг хамгаалсан юм байна. Зураач бас сэтгэлзүйн шинжлэх ухаанд суралцсан хүний хувьд өсвөр насны хүүхдүүдтэй ажиллахдаа юуг анхаардаг вэ?
-БНСУ-д би хэлний дамжаатай нийлээд зургаан жил сурч сэтгэлзүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Би яагаад сэтгэлзүйчээр сурахаар шийдсэн бэ гэхээр зураач, зургийн мэргэжилтэй хүн болохоор сэтгэлзүйтэй маш ойрхон байсан. Манай ангийн сурагчдын шилжилтийн нас яг одоо эхэлж байгаа. Өсвөр насны хүүхдүүд дээр сэтгэлзүйн тал дээр нь маш анхааралтай, болгоомжтой зөөлөн эелдэг харилцах хэрэгтэй гэж би боддог. Тийм болохоор багш сурагч хоёрын хооронд байдаг нандин холбоог яг үеийн юм шиг, аав ээж шиг нь, ах эгч шиг нь дотно ярилцаж, сонсохыг хичээдэг.
-СУРАГЧДЫНХАА ЗУРСАН ЗУРГИЙГ ХАРААД ТЭДЭНД ЮУ ҮГҮЙЛЭГДЭЖ, ДУТАЖ БАЙГААГ АНЗААРЧ СЭТГЭЛЗҮЙН БАЙДЛЫГ НЬ УНШДАГ-
-Хүүхэд бол гэр бүлийн толь гэдэг. Харин хүүхдийн зурсан зураг хүүхдийг илэрхийлж байдаг гэж сонссон. Та сурагчдынхаа зурсан зургаас ийм зүйлийг анзаарч хардаг уу?
- Ерөөсөө хүүхэд бол өнгө, дүрсээр өөрийнхөө сэтгэл санааг илэрхийлж байдаг. Бүгдэд нь ижилхэн сэдэв, ижилхэн цагаан цаас, 12 өнгийн харандаа байхад өөр өөр өнгөөр, дүрсээр өөрийгөө илэрхийлнэ. Би сурагчиддаа “Гэр бүл”, “Миний 7 хоног” ч гэдэг юм уу сэдэв өгч зураг зуруулах их дуртай. Би чинь зураач хүн бас сэтгэлзүйчээр сурсан болохоор хүүхдүүдийн зургийг хараад шууд сэтгэлзүйн байдлыг нь уншдаг. Тэр дундаас хүүхдүүдээ анзаараад явна. Жишээлбэл “Гэр бүл” гээд сэдэв өгчихөөд хүүхдүүдийн зурж байгааг харахад зарим хүүхдүүд маань аавтайгаа харилцаа муудсан үедээ ч юм уу аавыг жаахан бараан зураад халтуурдах маягтай, тэгсхийгээд дэвтрийн нэг буланд зурсан байдаг. Ээжээ л гоёод гоё зураад байдаг. Эсвэл аав ээжтэйгээ сайхан харилцаатай байдаг хүүхдүүд маань аав ээжийнхээ гарнаас атгаад өөрөө голд нь зогссон байдлаар зурна. Тэндээс тухайн хүүхдэд юу үгүйлэгдэж, дутагдаж байгааг олж мэдэхийг хичээдэг. Ууртай стресстэй хүүхэд байвал хамт алхаж тайвшруулна. Би ангийнхаа хүүхдүүдийг бүгдийг нь гэрт нь хүргэж өгч, ямар замаар яаж сургуульдаа ирдгийг мэдэж авсан. Тухайн хүүхдэд тулгарсан асуудлыг хамт шийдэх гэж хичээнэ. Өнөөдөр хоёулаа энийг хийсэн. Маргааш энийг хийе. Тодорхой хугацааны дараа ахицыг нь хараад ахиж зөвлөх маягаар ажилладаг.
Т.Үүрцайх багшийн сурагчидтай ажиллаж буй арга барил надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Түүний талаар сурагчдаас нь сэтгэгдлийг нь сонсоход “Эхэндээ багшаас их айдаг байсан. Одоо бол манай ангийнханд багшаас айх ямар ч айдас байдаггүй. Яагаад гэвэл багш маш нээлттэй, үе тэнгийн юм шиг чөлөөтэй харилцдаг. Болж бүтэхгүй асуудал гарвал “Багш нь шийдье” гэдэг ч юм уу ямар нэг байдлаар чин сэтгэлээсээ сонсож, зөвлөж, тусалдаг” гэсэн юм.