Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Хүүхдийн 100” орчимд байрлах “Cante” гэх шөнийн клубийн гадна 2025 оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө болсон бүлэг зодоонд оролцсон нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, тус зодооны хэргээр яллагдагчаар татагдсан Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Д.Саяннямбуу нарыг прокуророос яллаж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Ингэхдээ Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл буюу "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах", 20.16 дугаар зүйл буюу "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах" гэсэн зүйл ангиар ялласан аж.
Мөн хохирогч гэх Д.Саяннямбууг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэх зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Харин тухайн зодооны хэрэгт нэр холбогдож байсан У.Өлзийсайхан нарыг тухайн хэрэгт яллаагүй, харин хэргийг нь зөрчлийн хуулийн дагуу шийдэхээр болсон гэх мэдээлэл байна.
Нэг цаг хугацаанд болсон зодоонд оролцсон дээрх хүмүүсийг прокуророос Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл буюу "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах" гэх зүйл ангиар ялласан атал У.Өлзийсайхан нарын хэргийг Зөрчлийн хуулиар шийдэхээр болсон нь анхаарал татаж буй юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.