“Админерал” компанид давуу байдал үүсгэн төрд 2,2 тэрбумын хохирол учруулсан Цогтцэций сумын Засаг дарга асан Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарт холбогдох хэргийг шүүх хурал болж, тэдэнд торгох ял оноожээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга асан Г.Бацмаа, газрын даамал асан Ү.Наранбямба нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай", "Газар ашиглуулах тухай" захирамж боловсруулах талаар үйлдлээрээ санаатай нэгдэж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн А/50 дугаартай "Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай" захирамжаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 38 жилийн хугацаатай 2,501,586 метр квадрат газрыг уурхайн эдэлбэр газрын зориулалтаар олгох, мөн өдрийн А/51 дүгээр "Газар ашиглуулах тухай" захирамжаар "Админерал" ХХК-д 351,507 метр квадрат бүхий газрыг таван жилийн хугацаагаар "үйлдвэр барилга байгууламж"-ийн зориулалтаар тус тус олгох шийдвэрийг гаргаж, "Админерал" ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2 тэрбум 284 сая 795 мянга 500 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байдаг.
Улмаар Нийслэлийн прокуророос дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 1-2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл Г.Бацмаа нарт холбогдох хэргийг шүүх хэлэлцээд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга асан Г.Бацмаа, газрын даамал асан Ү.Наранбямба нарын нийтийн албан тушаал хаших эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 25 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.