Netflix-ийн одуудыг угтах утаатай, түгжрэлтэй, хар бараан Х.Нямбаатарын хотоос бид ичиж байна

Netflix-ийн одуудыг угтах утаатай, түгжрэлтэй, хар бараан Х.Нямбаатарын хотоос бид ичиж байна

Netflix-ийн бэлтгэн хүргэсэн “Physical Asia” шоу нэвтрүүлэгт манай залуус маш амжилттай оролцож, дэд байр эзэлсэн. Үүгээрээ тэд монгол залуус ямар сэтгэлийн хаттай, хүчирхэг, ухаалаг вэ гэдгийг батлан харуулж, ямар ч аялал жуулчлалын сурталчилгаанаас илүүтэй маркетинг, сурталчилгаа болж чадлаа. Үүний дараагаар Монгол Улсад очиж үзэхийг хүссэн хүмүүс, монголчуудыг магтсан сэтгэгдлээр интернет орчин дүүрсэн гэхэд болно.

-NETFLIX-ИЙН ШИНЭ НЭВТРҮҮЛЭГ МАНАЙ УЛСАД ХИЙГДЭХ ГЭЖ БАЙГАА Ч УТАА, ТҮГЖРЭЛДЭЭ ДАРАГДСАН БАЙГАА ЭНЭ БАЙДАЛ “ДЭНДҮҮ ИЧМЭЭР”-

Иймдээ ч нэвтрүүлэг цацагдаж дууссаны дараа Австрали, Солонгос зэрэг улсын багийн гишүүд манай улсад аялал жуулчлалын чиглэлээр ирж байна. Тодруулбал, БНСУ-ын шигшээ багийн гишүүн Жан Ин Шил, Австралийн багийн гишүүн Дом Томато ирээд буцсан бол Эдди Уильяамс саяхан манай улсад ирээд байгаа билээ.

Гэвч эд хүйтний улирал эхэлж, Улаанбаатар утаа, түгжрэл, халтиргаандаа дарагдаад байгаа энэ үед манай улсад ирж байгаа Netflix-ийн шоуны одууд дэндүү гайхаж байгаа даа гэж бодохоос “яс хавталзам”, ичиж байна. Австрали бол халуун орон. Харин Япон, Солонгост манай улстай л адил өвөл болдог. Япон 127 сая, БНСУ 50 сая хүн амтай. Харин манайх 3.5 саяуулаа. Тэнд адилхан өвөл болдог ч манайхтай ижил утаа, түгжрэл, хар бараан өнгө төрх байхгүй. Хот нь манайхыг хэд дахин нугалсан хүн амтай ч түгжрэл харьцангуй бага. Үнэхээр тэдний улстай харьцуулахад манай улс дэндүү өөр, бохир заваан.

Гаднын аялагч, блогерууд ч манай улсад ирээд “3.5-хан сая хүн амтай хэрнээ ингэж түгжирч, утаатай байна гэж үү” гэж гайхшрах хүмүүс олон байдаг.

Гэтэл тун удахгүй БНСУ-ын баг Монголд ирж, "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийх гэж буйгаа зарлачихлаа. Netflix-тэй хэн ч маргахгүй. Дэлхийн хамгийн том онлайн кино компани. Тэд “шоу нэвтрүүлэг” гэх зүйлийг шинэ түвшинд гаргаж, кино уран бүтээлээс дутахааргүй болгон хөгжүүлж байгаа. Эдгээр шоуны нэг нь ч “Physical asia” бөгөөд дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан.

-“ХОТЫН ДАРГА НЬ ЛАЙВЧИН БОЛЖ, ИРГЭД НЬ ХАНИАД ТОМУУ, УТАА, ТҮГЖРЭЛД ТУЙЛДСАН ХОТ”-

Тэгвэл "Physical Asia" шоуны үеэр Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр Солонгосын багийг Монголд урьсан бөгөөд Солонгосын багийн ахлагч Ким Дунхён шоунд ялбал шагналынхаа мөнгөөр Монголд очно хэмээн амласан билээ. Ийнхүү тэд амласан ёсоор Монголд дахин уулзаж, үзэгчдэд шоуны шинэ өнгө төрхийг харуулах гэнэ. Нэвтрүүлэгт Солонгосын багийн Ким Дунхён, Амотти нар оролцох бол Монголын багаас Б.Орхонбаяр, Э.Лхагва-Очир нар оролцоно гэжээ. Уг нэвтрүүлэг нийт 4 ангитай байх бөгөөд эхний 1, 2-р анги нь арванхоёрдугаар сарын 24-нд, 3, 4-р анги нь арванхоёрдугаар сарын 31-нд Netflix-ээр цацагдана.

Netflix гэх томоохон кино кампани манай улсад ирж нэвтрүүлэг хийх гэж байхад Улаанбаатарын өнөөгийн царайнаас нийгмийн чимээгүй олонх ичиж байгаа.

Уг нь нийслэлийн, хотын даргын хийх ёстой гол ажил энэ. Улаанбаатар хотыг утаанаас салгах. Түүнээс биш өдөр бүр лайв хийж, багын найзтайгаа хоёр пиво уухаар болсон талаараа ярих биш. Жил бүрийн өвөл урдах зам харагдахгүй болтлоо утаанд дарагдаж, эмнэлэг нь зайгүй болтлоо ханиад, томуугаар өвчилсөн багачуудаар дүүрдэг энэ байдлаас үнэхээр ичиж, сэтгэл өвдөм.