Шатахууны хомсдлыг далимдуулан цахим орчинд “Бензин зарна, хүргэлттэй” гэх зар байршуулж, улмаар дамлан борлуулж байсан зөрчил сүүлийн үед гарах болжээ. Учир нь өнгөрсөн намраас эхлэн манай улсад үе үе шатахуун авах гэсэн иргэдийн урт оочир, дараалал үүсэж байгаа.
Үүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас иргэд их хэмжээгээр шатахуун нөөцлөөд байгаа тул шатахуун хомсдож байна гэсэн тайлбарыг өгсөн. Тэгвэл зарим иргэд шатахууныг их хэмжээгээр авч нөөцлөн, улмаар дамлан худалдаж байсан нь шатахуун хомсдох бас нэгэн шалтгаан болж байж магадгүй байна. Иймд бид “шатахуун хүргэлттэй зарна” гэх зарын дагуу холбогдож, дараах шөнийн сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
ВИДЕО:
-ТАНИЛ ТАЛАА АШИГЛАН ШАТАХУУН ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВЧ, УЛМААР ДАМЛАН БОРЛУУЛЖ БАЙЖЭЭ-
Өнгөрсөн намраас эхлэн шатахуун үе үе хомсдож, иргэдийн урт оочир дараалал үүсэж байгаа. “Чоно борооноор” гэгчээр энэ үеийг далимдуулж, иргэд шатахууныг дамлан борлуулж эхэлсэн байна. Тодруулбал, цахим орчинд “Бензин зарна, хүргэлттэй” гэх зар байршуулж, литрийг нь 5500 төгрөгөөр дамлан худалдаж байна гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Улмаар гомдлын дагуу зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгахад 23 настай иргэн Б нь хамаарал бүхий хүний ажилладаг шатахуун түгээх станцаас 120 литр бензин авч, дамлан худалдан борлуулж байсныг тогтоожээ.
Ийнхүү танил талаа ашиглан шатахуун нөөцлөөд, дараа нь дамлаж зардаг зөрчил гарч байгаа тул цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зөрчлийг шалгаж, хуулийн арга хэмжээ авч байгаа гэнэ.

-ШАТАХУУН ДАМЛАН ЗАРЖ БУЙ ИРГЭН: ХЭДЭН ЛИТРИЙГ АВАХ ЮМ, ХҮССЭН ХЭМЖЭЭГЭЭР ЧИНЬ ӨГЧ БОЛНО-
Тэгвэл бид цахим орчинд тавигдсан “шатахуун хүргэлттэй зарна” гэх зарын дагуу холбогдоход, “хэдэн литрийг авах юм, хүссэн хэмжээгээр чинь өгч болно” гэх хариу тайлбарыг хэлж байлаа. Улмаар цагдаагийн байгууллагын алба хаагчид тухайн зөрчилд шалгалтын ажиллагаа явуулахаар ирэхэд, шатахуун зарж байсан иргэд “шатахуун зараагүй, зарж байсан гэсэн нотолгоо байгаа юм уу, зүгээр л зам дээр зогсож байсан машин, шатахуун тээвэрлэдэг ч дотор нь шатахуун байхгүй” зэрэг тайлбарыг өгч байсан юм. Тухайн иргэний шатахуун тээвэрлэн зарж байгаа машин нь 2550 кг-ийн нөөцлөгч савтай, түгээгүүртэй байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар цагдаагийн хэлтэс рүүгээ дагуулан явсан юм.

Хуульд зааснаар тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон байдаг.
Хэрэв тус хуулийг зөрчсөн тохиолдолд “Зөрчлийн тухай хуулийн 7.14 заалтын 3.3 дахь хэсэгт жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг аж. Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүнийг зориулалтын бус саванд хадгалах, тээвэрлэх тохиолдолд орчиндоо учируулж болох эрсдэл өндөр тул иргэдиг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ.