ТОДРУУЛГА: Жүжигчин Э.Ууганбаяр, Г.Анхбаяр, комеди У.Содхүү нар 6-7 саяар, хөтлөгч Б.Чойжилсүрэн, Б.Билгүүн нар 3-1.5 сая төгрөгөөр шинэ жилийн баярыг хөтөлж байна

ТОДРУУЛГА: Жүжигчин Э.Ууганбаяр, Г.Анхбаяр, комеди У.Содхүү нар 6-7 саяар, хөтлөгч Б.Чойжилсүрэн, Б.Билгүүн нар 3-1.5 сая төгрөгөөр шинэ жилийн баярыг хөтөлж байна

Арванхоёрдугаар сартай зэрэгцэн гэр бүл, найз нөхөд, албан байгууллагын шинэ жилийн тэмдэглэлт баярууд эхэлдэг. Энэ утгаараа арванхоёрдугаар сарыг "баяр тэмдэглэдэг" сар гэж хэлж болно. Үндэсний статистикийн хорооноос мэдэгдэж буйгаар энэ сард манай улсын худалдааны борлуулалтын хэмжээ огцом нэмэгддэг байна.

Тухайлбал, 2023 онд худалдааны салбарын борлуулалт 35.2 хувиар нэмэгдэж нийт хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм. Мөн 2024 оны арванхоёрдугаар сард борлуулалтын орлого мөн адил өссөн бөгөөд 8.4 их наяд төгрөгт хүрсэн гэж Үндэсний статистикийн хорооноос тайлагнасан байдаг. Уг үзүүлэлтэд дуучин, хөтлөгч, өвлийн өвөө цасан охин, бүжигчин, жүжигчдэд өгсөн цалин, урамшуулал ч багтдаг. Тухайлбал, дуучдын ханш жилээс жилд өсөж энэ жилийн тухайд нэг арга хэмжээнд 2-3 дуу дуулахад 4-20 сая төгрөгийн ханштай байна. Тэгвэл тэдэнтэй зэрэгцэн үнэ нь жил тутам өссөөр байгаа хүмүүс бол хөтлөгч.

Энэ жилийн хөтлөгчид нэг арга хэмжээг 800 мянгаас 7.000.000 төгрөгийн хооронд хөтөлж байна. 

-ЭНЭ ЖИЛ ХӨТЛӨГЧ Э.УУГАНБАЯР 7.000.000, Г.АНХБАЯР 6.000.000 ТӨГРӨГӨӨР АРГА ХЭМЖЭЭ ХӨТӨЛЖ ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХӨТЛӨГЧИД БОЛЖЭЭ-

Тухайн арга хэмжээний уур амьсгалыг бүрдүүлдэг тэд өнгөрсөн жил хамгийн үнэтэйдээ таван сая төгрөгөөр хөтөлж байжээ. Харин энэ жил дээрх дүн 2.000.000 төгрөгөөр өссөн байна.  Тодруулбал, “The Voice of Mongolia”, “Авьяаслаг Монголчууд”, "Voice Kids Mongolia" зэрэг Монголын хамгийн их үзэгчтэй шоуг хөтөлж, ур чадвараа хэдийнээ батлан харуулсан жүжигчин Э.Ууганбаяр хамгийн эрэлттэй бөгөөд хамгийн үнэтэй хөтлөгч хэвээр байна.

Түүний хувьд өнгөрсөн жил 5.000.000 төгрөгөөр нэг арга хэмжээг хөтөлж байсан бол энэ жил 7.000.000 төгрөгөөр хөтөлж байна. Харин “Central” телевизийн захирал, хөтлөгч, жүжигчин Г.Анхбаяр 6.000.000 төгрөгөөр хөтөлнө. Түүний хувьд мөн л томоохон шоу, нэвтрүүлгийг хөтөлж ирсэн туршлагатай, эрэлт ихтэй хөтлөгч билээ.

Мөн Боловсрол телевизийн эрхлэн гаргадаг “Яг түүн шиг шоу” нэвтрүүлгээр хоногшсон жүжигчин, хөтлөгч Цоомоо буюу Э.Цолмонбаяр, Б.Болд нарын ханш 6.000.000 төгрөгтэй байна. Харин “UB Comedy”-оор эчнээ олны танил болсон У.Содхүү тус салбарт хүч түрж, ханш нь мөн 6.000.000 сая төгрөгт хүрчээ. Энэ мэтээр тэд арванхоёрдугаар сард Монголын хамгийн үнэтэй хөтлөгчөөр ажиллах нь.

-Ц.ЧОЙЖИЛСҮРЭН, Э.ЦАНДАТ 3000.000, ХӨТЛӨГЧ, ДУУЧИН Б.БИЛГҮҮН 1.500.000 ТӨГРӨГӨӨР  НЭГ АРГА ХЭМЖЭЭГ ХӨТӨЛЖ БАЙНА-

Харин “Маск” продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээ, “Эмоци” продакшны жүжигчин У.Цогтбаяр буюу Цогтоо нарын хөтлөх ханш тус бүр 3.000.000 төгрөг байна. Мөн өдгөө олны дунд хэдийн танил болсон найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин, хүү тус бүр 2.500.000 төгрөгөөр нэг арга хэмжээг хөтлөх аж.

Цаашлаад Ийгл телевизийн “Санчир гарагийн зочин” нэвтрүүлгийн хөтлөгч Э.Цандат, C1 телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч Ц.Чойжилсүрэнгийн ханш 3.000.000 төгрөг байна. Тэд телевизийн салбарт олон жил ажилласан туршлагатай, чадварлаг хөтлөгчийн тоонд ордог юм. Цаашлаад сүүлийн үед “Shine with me” дуугаараа танил болж буй МУСТА, дуучин, хөтлөгч Б.Билгүүний нэг арга хэмжээ хөтлөх ханш 1.500.000 төгрөг байна.

Тэрбээр тус салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн билээ. Тэгвэл залуу жүжигчдийн төлөөлөл У.Билэгт-Од, Э.Төрбат нар хамтдаа нэг арга хэмжээг 3.000.000 төгрөгөөр мөн хуримын хөтлөгч нэрээрээ танигдсан Л.Галбадрах 2.000.000 төгрөгөөр хөтөлж байна. Харин хамгийн хямдаар энэ үйлчилгээг үзүүлэх дүн 800 мянган төгрөгөөс эхэлж байна. Энэ дүнд зарим хөтлөгчид 2-3 өөрийн болон ковер дууг дуулах аж. Туршлага, нэр хүнд, танигдсан байдал зэргээс хамааран хөтлөгчдийн ханш харилцан адилгүй байна.