УИХ-ын гишүүн Э.Болормааг 5 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байна

УИХ-ын гишүүн Э.Болормааг 5 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байна

Сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, сонгуульдаа зарцуулсан УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албанаас шалгаж байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн сарын сүүлчээр /2025.11.28/ яллагдагчаар татах тогтоолоо гардан авсан байдаг. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормааг тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйл "Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх" буюу 2.3-т заасан сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.

УИХ-ын гишүүн Э.Болормаа нь "Өөрийгөө хууль зөрчөөгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан гэдгээ мэдээгүй. Мэдсэн даруйдаа мөнгийг нь буцаан шилжүүлсэн. Энэ нь зохион байгуулалттай ажиллагаа байж магадгүй гэх" агуулгатай зүйлийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Харин тэрбээр өмнө нь өөрийг нь хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэдэг мэдээлэл худлаа. Намайг МАН-ын дарга болно гэж бодоод зохион байгуулалттайгаар харлуулж байна" хэмээн ярьж байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормааг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэдэг мэдээлэл ямартай ч баттай болж, тэрбээр яллагдагчаар татах тогтоолоо өөрийн биеэр гардан авсан байна.

Ташрамд өгүүлэхэд, Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт "Сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө