"Ингэх гээл өтөөд байсан юм" гэдэг шиг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж ирсэн гаалийн байцаагч нарын авлига, хээл хахуулийн хэрэгт хуулийн байгууллагаас хяналт шалгалт хийж, таслан зогсоох үйл ажиллагааг энэ долоо хоногт эхлүүллээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын гааль, Замын-Үүдийн гаалийн улсын байцаагч нар “гаальчин” гэх тодотголтой мэдүүлэгч нарын хамааралтай 100 гаруй аж ахуйн нэгжид хуурамч бүрдүүлэлтийг тогтмол хийж өгч байсан нь илэрчээ.
-ГААЛИЙН БАЙЦААГЧ НАР НЬ "ЗУУЧЛАГЧ"-ТАЙ ХАМТАРЧ ИМПОРТЫН БАРААНЫ БҮРДҮҮЛЭЛТИЙН ТОО ХЭМЖЭЭ, ҮНИЙН ДҮНГ БУУРУУЛСНЫХАА ХАРИУД САР БҮР ИХ ХЭМЖЭЭНИЙ БЭЛЭН МӨНГӨ АВДАГ БАЙЖЭЭ -
Гаалийн байцаагчдын авлига илэрсэн нь хэд, хэдэн шалтгаантай байж болзошгүй байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд гаалийн орлого эрс буурсан, нөгөөтэй иргэдийн гомдол мэдээллийн 11-11 төвд гаалийн байцаагч нартай холбоотой гомдол, зөрчлийн мэдээллүүд ч олноор ирэх болжээ. Энэ дагуу хуулийн байгууллагаас шалгалтын ажиллагааг далд эхлүүлж энэ долоо хоногт Замын-Үүдийн гаалийн байцаагч, Улаанбаатар хотын гаалийн байцаагчид тэргүүтэй 20 гаруй хүнийг баривчилж, мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, Замын-Үүдийн гаалийн байцаагч нар нь гаалийн бүрдүүлэлт хийхэд зуучлагч иргэдтэй бүлэг зохион байгуулалтад орж, улсын хилээр импортолж буй барааны бүрдүүлэлтийн тоо хэмжээ, үнийн дүнг бууруулсныхаа хариуд сар бүрийн эхэнд их хэмжээний бэлэн мөнгийг тогтмол авдаг байсан нь илэрчээ.
Тэгвэл гаалийн бүрдүүлэлт хийхэд "зуучлагч"-аар А, М, О, Э гэх иргэд сүүлийн хоёр жил тасралтгүй ажилласан бөгөөд үргэлжилсэн үйлдлээр 150 орчим аж, ахуйн нэгжийн импортын барааны үнийн дүнг бууруулж, улсад төлөх 20 орчим тэрбум төгрөгөөс зайлсхийжээ.
Тэд энэхүү үйлдлийнхээ хариуд өгөх авлигын мөнгийг өөрсдийн хамаарал бүхий иргэдийн дансыг ашиглан бэлэн мөнгөний АТМ-ээс гаргуулан авч, Гаалийн ерөнхий газрын Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төвийн гурав, Замын-Үүдийн гаалийн газрын долоо гээд нийт арван гаалийн байцаагчид сар бүрийн эхэнд далд байдлаар бэлнээр их хэмжээний мөнгө өгдөг байсан нь тогтоогдсон байна.

Шалгалтын хүрээнд "зуучлагч" нарын ажлын байр, гэрээс гаалийн байгууллагын албан тушаалтнуудад өгөхөөр бэлтгэсэн эх үүсвэр нь тодорхойгүй бэлэн мөнгө илэрсэн байна.
Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг арилжааны банкны картууд, гар утас, гаалийн байцаагч нарт хахууль өгсөн тэмдэглэлийн дэвтэр, хахуульд өгөхөөр бэлтгэсэн 32 сая төгрөг, "санхүүгийн хар бүртгэл"-ийг хураан авчээ. Эдгээр "зуучлагч" гэх иргэд гаалийн хэн гэдэг байцаагчид хэдэн төгрөг өгч ирснээ тэмдэглэлийн дэвтэрт дэлгэрэнгүй бичиж хөтөлж ирсэн баримтыг нь ч илрүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.
-ЗУУЧЛАГЧ НАРЫН ЯМАР Ч БҮРТГЭЛГҮЙ 11 ДАНСАНД 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙЖЭЭ-
Тэгвэл энэхүү шалгалтын явцад гаалийн байцаагч нарын ажлын байрнаас бэлэн 20 орчим сая төгрөг, мөн бусдын нэр дээр бүртгэлтэй их хэмжээний үлдэгдэлтэй банкны картыг хураан авчээ. Гаалийн байгууллагын 10 албан тушаалтан нь гаалийн бүрдүүлэлт хийхэд зуучлагч этгээдүүдээс үргэлжилсэн үйлдлээр 300 гаруй сая төгрөгийн авлига авч, улмаар үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, үнэт эдлэл худалдан авч мөнгө угаасан байх магадлалтай байгаа аж.
Мөн гаалийн бүрдүүлэлт хийхдээ "зуучлагч" иргэдийн ашигладаг 11 данс илэрсэн бөгөөд бүртгэлгүй уг дансанд 1 тэрбум 600 гаруй сая төгрөгийг төвлөрүүлсэн байжээ.

Уг хөрөнгийг хойшлуулашгүйгээр хязгаарлаж улсын орлогод авахаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн нь энэ аж. Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр өглөө Гаалийн ерөнхий газарт гэнэт очиж ажилласан нь ч үүнтэй холбоотой байх магадлалтай бөгөөд тэрбээр энд ажиллах үеэрээ гаалийн байгууллагад эрс шинэчлэл хийнэ, давхардсан албан тушаалд ажилладаг хүмүүсийг чөлөөлнө зэргээр мэдэгдсэн билээ. Түүний гэнэтийн энэ шалгалтад Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал бүдэрч, ажлаа мэдэхгүй байсан учир түүнд хариуцлага тооцон албан тушаалаас нь чөлөөлж магадгүй байна.
ВИДЕО: