Улаанбадрах сумын ургийн гажигтай төлөөс цацрагийн болон хүнд металлын илэрц илрээгүй

Улаанбадрах сумын ургийн гажигтай төлөөс цацрагийн болон хүнд металлын илэрц илрээгүй

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уранаас болж худаг ус, байгаль орчин, мал амьтан хордсон эсэх талаарх мэдээллийг ажлын хэсгээс өгөв. 

Уг ажлын хэсэгт Усны газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Ажлын хэсэгт цөмийн энергийн салбар чиглэлийг төлөөлж, Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам, Цөмийн Энергийн Комиссын Ажлын алба, Стандарт, Хэмжил Зүйн Газрын шинжээчид багтсан бөгөөд 2025 оны гуравдугаар сарын 25-нд газар дээр нь ажиллаж, авсан дээжүүдээ шинжлэн гарсан хариуг өнөөдөр танилцуулсан нь энэ юм. Энэ үеэр Мал Эмнэлгийн Ерөнхий Газрын дарга Б.Болдбаатар "Ажлын хэсэгт аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийн бүтэн баг явсан. Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн дутуу төрсөн ихэр хээл, мөн н.Батбаатар хэмээх малчны ургийн гажигтай төрсөн хурганаас дээж авч шинжиллээ. Шинжилгээг эд эрхтэнд цацрагийн болон хүнд металлын үлдэгдлийг үздэг. Ингэхэд цацраг идэвхт бодис аль алинаас илрээгүй. Хоёрдугаарт элэг, бөөрөнд хийсэн шинжилгээнд хүнд металлын илэрц нь хэвийн хэмжээнээс даваагүй. Иймээс ямар нэг химийн гаралтай хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэх бололцоогүй. Ургийн гажиг бол жил бүр янз янзын тоотойгоор тохиолддог. Тухайлбал энэ жил он гарснаас хойш Баян-Өлгийн аймгийн Улаанхуст суманд нийлсэн ихэр гэж ярьдаг, хоёр толгойтой болчихсон нэг ихэр дутуу хээл, толгойн гажигтай ишиг бүртгэгдсэн байна. Он гарснаас хойш МЭЕГ-т албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлууд нь энэ. Нэг удаагийн шинжилгээ хийгээд ургийн гажиг юунаас болсныг бүрэн тогтоох бололцоо муутай. Ер нь ургийн гажиг бол биологийн, химийн, физикийн, механик хүчин зүйлээс хамаардаг. Ялангуяа мал аж ахуйн хувьд мал үржлийн ажлыг эмх замбараагүй болгосон, төрөл ойртох, цус ойртох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг. Одоогийн байдлаар ердийн тохиолддогоос ихэссэн, давтамж
нэмэгдсэн бүртгэл байхгүй" хэмээв.

Усны Газрын дарга З.Батбаяр "Ураны асуудалтай холбоотойгоор гадар доорх усны чанарын мониторингийг анх удаа хийх гэж байна. Өмнө нь газрын доорх усны мониторинг хийх нь цооногийн түвшний бууралтын тухай асуудал байсан. Харин Улаанбадрах суманд ураны үйл ажиллагаа эхлэх хүртэл тухайн үйл ажиллагаа явуулах компани нь өөрийн лицензийн талбайдаа мониторингийн цооногуудыг хийнэ. Энэ бол лицензийн талбай доторх мониторинг. Мөн лицензийн талбайгаас гадна газрын доорх усны нөөцийн байдал, урсцын шинж чанараас хамаараад урсцыг угтуулсан байдлаар мониторингийн сүлжээ байгуулах юм. Энэ сүлжээг байгуулсан цагаас эхлээд ураны үйл ажиллагаа явагдсанаар газрын доорх усны чанарт ямар нөлөө үзүүлж байгааг бүрэн хянана. Өөрөөр хэлбэл ураны үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол Улсад газрын доорх усны чанарын мониторингийн сүлжээг анх удаа байгуулах гэж байна. Дээр дурдсан ажлын хэсэгт манайхаас төлөөлөл багтаж, Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах суманд ажиллаж таван цэгээс дээж  авч шинжиллээ. Цаашид энэ таван худгаас тогтмол дээж авна. Учир нь нэг удаагийн шинжилгээгээр бүрэн хэлэх боломжгүй байдаг. Мөн малчид болон уул уурхайн компаниудад мэдэгдэх шаардлагагүйгээр өөр өөр цэгүүдээс дээж авна. Ингэснээр өмнө хэлсэн мониторингийн сүлжээтэйгээ холбоод ураны олборлолт эхлэх хүртэл буюу дөрвөн жилийн хугацаанд мониторингийн мэдээтэй болчихсон байх болно. Энэ удаагийн дээжүүдийн лабораторийн дүнг бусад усны дээжүүдтэй харьцуулахад хүн малын эрүүл мэнд, амь насанд аюул учруулах зүйл илрээгүй. Цаашид улирал тутамд шинжилгээ хийж, танилцуулна" гэв.

Улсын ахлах байцаагч Цэрэнчимэг "Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тус бүс нутгийн хүн малын ундаалдаг гүний худаг, малын хашаа, бэлчээрт хийсэн гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүн нь байгалийн дэвсгэр түвшинд байна. Мөн Стандарт, Хэмжил Зүйн Газрын үндэсний лавлагаа лабораторид хүргүүлсэн хөрс, усны дээжүүдийн шинжилгээний дүн цацрагийн аюулгүй нормд заасан түвшинд, ундны усны аюулгүй цацрагийн үзүүлэлтээс хэтрээгүй байсан" гэлээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө