Цагдаагийн ерөнхий газраас цахим орчин ашиглан бага насны хүүхдүүдтэй харилцаа тогтоож, садар самуун сурталчилсан, мөн бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх хэрэгт холбогдон олон улсад эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Бүгд Найрамдах Солонгос Улсаас албадан гаргуулж, Монгол Улсад авчирсан талаар мэдээллээ.
Тодруулбал, Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан “Б” гэх этгээдийг энэ сарын 4-ний өдөр Монгол Улсад шилжүүлэн авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн этгээд нь 2025 онд цахим мэдээллийн хэрэгсэл ашиглан бага насны хүүхдүүдтэй холбоо тогтоож, садар самуун сурталчилсан, мөн садар самуун үйлдэлд уруу татаж бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх хэрэгт шалгагдаж байжээ. Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Интерполын Үндэсний төв товчоо, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам болон Солонгосын талын Интерполын байгууллагатай хамтран зохион байгуулсан байна. Мөн цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлсан, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй иргэдийг сайн дураараа эх орондоо ирж, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулжээ.
ВИДЕО: