Монголчууд бол дэлхийд гайхагдсан түүх, соёлын биет болон биет бус өвтэй ард түмэн. Харин үүнийгээ дэлхий дахинд таниулж, бичиг цаасан дээр баталгаажуулах ажилдаа хойрго ханддагаас үүдэн хөрш орны өгөөш болдог тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, 2009 онд БНХАУ хөөмийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлж байсан бол, үүнээс өмнө 2005 онд Монгол Улс, БНХАУ хамтран “Монгол уртын дуу”-г мөн тус байгууллагын өвийн жагсаалтад бүртгүүлсэн байдаг. Энэ үзэгдэл монголын үндэсний бөхийг ч тойроогүй юм. Тодруулбал, одоогоос 22 жилийн өмнө 2004 онд Хятадын өөртөө засах муж Өвөрмонголд 2024 бөх барилдаж, бөхийн барилдааныг үндэсний спорт гэж зарлан, дээд амжилт тогтоож байв. Харин Монголчуудын хувьд энэ явдлаас даруй долоон жилийн дараа л 6002 бөх барилдуулан дээд амжилтыг шинээр тогтоож, эрийн гурван наадмын нэг, үндэсний бөхийн спортоо өөрсдийн соёлын өв гэдгийг баталж чадсан билээ.
- МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХ, ӨВӨРМОНГОЛЫН ШАЛБУУР, ЗОДОГТ ГЭСЭН ГУРВАН БӨХИЙГ НЭГ ДОР БАРИЛДУУЛЖ ГИННЕСТ ТЭМДЭГЛҮҮЛНЭ -
Тэгвэл өнөөдөр ч мөн л Өвөрмонголд Монгол бөхийг Гиннест бүртгүүлэх барилдаан явагдаж байна. Тодруулбал, Өвөрмонголын Альшаа аймагт тавдугаар сарын 01-04-ний өдрүүдэд "Баатарчууд хундагат" хэмээх 1024 шалбуур бөхийн Алтан бүсийн төлөөх барилдаан, 1024 зодогт бөхийн барилдаан, Монгол үндэсний бөхийн барилдаан мөн Монгол бөх судлалын олон улсын хурал, гурван өөр бөхийн барилдааны Гиннесийн тэмдэглэл зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
- МҮБХ-Г ТӨЛӨӨЛӨН УЛСЫН ЗААН М.ӨСӨХБАЯР ОРОЛЦОЖ, А.СҮХБАТ ТЭРГҮҮТЭЙ БӨХЧҮҮД ЗОДОГЛОЖ БАЙНА-
Альшаа аймгийн захиргаа, Өвөрмонголын Бөхийн холбооноос тус наадамд Монголын үндэсний бөхийн холбооны төлөөллүүдийг оролцохыг урьсан байна. Тус наадамд МҮБХ-г төлөөлөн Улсын заан М.Өсөхбаяр оролцож байгаа аж. Түүнчлэн Дархан Аварга А.Сүхбат, Улсын арслан Э.Оюунболд, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын заан Б.Серик, Улсын харцага Х.Гантулга, Улсын харцага Б.Цэдэнсодном, Улсын начин Д.Анар, Улсын начин Б.Даваа-Очир, Улсын начин Д.Амаржаргал, Улсын начин Э.Энх-Амгалан, Аймгийн арслан Ө.Дүүрэнбаяр, Аймгийн арслан Д.Ням-Очир нарын зэрэг монголын хүчин бөхчүүд тус барилдаанд зодоглож байна.
- ШАЛБУУР БӨХИЙН БАРИЛДААНЫ ТҮРҮҮ БӨХ 100 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛТАЙ-
Тус барилдааны бай шагналын хувьд Шалбуур бөхийн барилдааны түрүү бөх 100 сая, үзүүр бөх 40 сая, их шөвөг 20 сая, дунд шөвөг 15 сая , бага шөвгийн 16 бөх 7,8 сая төгрөгийн мөнгөн урамшуулал авна. Харин Монгол бөхийн хувьд барилдааны түрүү бөх 25 сая, үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардах юм.