Монгол Улсын ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь удаагийн илтгэлийг УИХ-д хүргүүлээд байгаа юм. Энэ хүрээнд тусгагдсан нэг асуудал бол “шүүх шинжилгээ ба хүний эрх” гэсэн сэдэв юм. Энэ хүрээнд Монгол улсын ХЭҮК-оос мэдээлэл өглөө.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “ХЭҮК-ын хамгийн чухал чиг үүргийн нэг бол шударгаар шүүлгэх эрхийг хамгаалах, хангах юм. Мөн үүнтэй холбоотой тогтолцооны асуудалд тогтмол дүн шинжилгээ хийх үүрэгтэй. Монгол Улсад жилд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны 98 хувьд нь шүүх шинжилгээний байгууллагын ямар нэгэн дүгнэлт гардаг бөгөөд уг дүгнэлтэд үндэслэж хэргийг шийдвэрлэдэг. Тиймээс уг шинжилгээг өндөр түвшний алба хаагчид шаардлага хангасан техник технологиор хийх ёстой. Гэтэл орон нутагт байгаа зарим шүүх шинжилгээний байгууллагын орчин нөхцөл, барилга байгууламж, лаборатори хүний эрхийг зөрчиж болзошгүй байдалтай байна. 2025 оны байдлаар орон нутагт хүний биед хийсэн шинжилгээний дор хаяж 1024 нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан. Үүний 160 орчим нь бэлгийн маргаантай хохирогчид хийсэн шинжилгээ байсан. Мөн нэр бүхий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчтай хийсэн ярилцлагын үеэр, "Цогцос хадгалах хөргүүр аймгийн хэмжээнд ердөө таван ширхэг байдаг. Энэ нь зуны улиралд хүндрэл үүсгэдэг. Хөргүүрт багтахгүй цогцсыг муудахаас сэргийлэхийн тулд хоногийн ээлжид ажиллах үедээ өдөр, шөнийн аль ч үед моргт ганцаараа очиж 1-2 цагийн зайтай, цогцсуудыг гараараа өргөж зөөвөрлөн ээлжлэн хөргүүрт хийдэг. Үүнийг хийсэн гэж надад нэмэлт цалин, урамшуулал олгогддоггүй" гэж байсан. Энэ төрлийн асуудлаас болж хоёр нярайн цогцсыг ахуйн хөргөгчид хоёр жил хадгалж байсан тохиолдогч бий” гэлээ.