АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай “бүрэн бөгөөд эцсийн хэлэлцээр” байгуулахад ахиц гарсан гэж мэдэгдэж, Ормузын хоолойгоор дамжин хөлөг онгоцуудыг чиглүүлэх “Эрх чөлөөний төсөл”-ийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн.
Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп удалгүй байр сууриа өөрчилж, хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол Ираны эсрэг бөмбөгдөлт “өмнөхөөсөө илүү өндөр түвшин, эрчимтэйгээр” үргэлжилнэ хэмээн анхааруулсан.
АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, Вашингтон болон Тегеран гал зогсоох нэг хуудас, 14 зүйл бүхий санамж бичгийн талаар ойртож байгаа аж. Уг баримт бичигт дайсагналыг зогсоох, Ормузын хоолойн хөдөлгөөнийг сэргээх, хориг арга хэмжээг цуцлах, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах зэрэг асуудал багтжээ.
Axios болон Reuters агентлагуудын мэдээлснээр, хоёр талын хэлэлцээний зуучлалд Пакистан оролцож байгаа бөгөөд Исламабад хотод энхийн хэлэлцээний дараагийн шат явагдаж магадгүй байгаа аж.
Трамп PBS телевизэд өгсөн ярилцлагадаа “тэд хэлэлцээр хийхийг хүсэж байна. Өмнө нь ийм нөхцөл байдал үүснэ гэж би бодож байгаагүй” хэмээн мэдэгджээ. Мөн АНУ Ираны асуудлаарх дараагийн уулзалтад төлөөлөгчдөө илгээх “магадлалтай” гэдгийг дурдсан байна. Гэсэн хэдий ч Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын комиссын төлөөлөгч Эбрахим Резаи АНУ-ын санал болгож буй 14 зүйл бүхий баримт бичгийг “Америкийн хүслийн жагсаалт” хэмээн шүүмжлээд байна.
Шинжээчид энхийн хэлэлцээ амжилттай болох эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал, Вашингтоны Ойрхи Дорнодын бодлогын хүрээлэнгийн судлаач Грант Рамли “өмнө нь ч ийм хэлэлцээ сүүлийн мөчид нуран унаж байсан” хэмээн анхааруулсан байна. Мөн олон улсын ажиглагчид Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой техникийн нарийн асуудлуудыг шийдвэрлэхэд урт хугацаа шаардагдана гэж үзэж байгаа бөгөөд Барак Обамагийн засаглалын үед ижил төрлийн хэлэлцээрийг эцэслэхэд 20 гаруй сар зарцуулж байсныг онцолжээ.
Эх сурвалж: BBC