Дэлхийн анхны 24 цагийн мэдээний суваг CNN-ийг үүсгэн байгуулагч, телевизийн салбарт жинхэнэ хувьсгал хийсэн медиа магнат, буяны үйлстэн Тед Тёрнер 87 насандаа, гэр бүлийнхнийхээ дэргэд таалал төгссөн талаар түүний компаниас гаргасан мэдэгдэлд дурджээ.
“Өмнөдийн ам” хэмээх хочоороо алдартай, шулуун шударга зангаараа танигдсан тэрбээр АНУ-ын Охайо мужид төрж, Атлантад бизнесийн эзэнт гүрэн байгуулсан бөгөөд кабелийн телевизийн анхны “супер суваг”, кино болон хүүхэлдэйн контентын сувгууд, мөн Atlanta Braves зэрэг спортын багуудыг эзэмшиж байв.
Түүний амьдрал зөвхөн медиа салбараар хязгаарлагдаагүй. Тэрээр олон улсын нэр хүндтэй дарвуулт онгоцны тамирчин, United Nations Foundation-ийг үүсгэн байгуулагч, цөмийн зэвсгийг устгахын төлөө тэмцэгч, байгаль хамгаалагч байжээ.
Тэрээр АНУ-д хамгийн том газар эзэмшигчдийн нэг болж, бизоныг устах аюулаас аварч, Америкийн баруун бүсэд дахин нутагшуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн хүүхдүүдэд байгаль хамгааллын тухай ойлголт өгөх зорилгоор “Captain Planet” хүүхэлдэйн киног хүртэл санаачлан бүтээжээ.
Гэсэн ч түүнийг дэлхийд алдаршуулсан хамгийн том санаачилга нь мэдээг 24 цагийн турш, бодит цаг хугацаанд дэлхий даяар хүргэх зоригтой шийдвэр байсан аж. 1980 оны зургадугаар сарын 1-нд тэрээр CNN-ийг албан ёсоор нээж, дэлхийн анхны 24 цагийн мэдээний сувгийг бий болгосон нь телевизийн салбарт шинэ эрин үеийг эхлүүлсэн түүхэн үйл явдал болжээ. Хожим тэр энэ амжилтаа “Миний амьдралын хамгийн том бүтээл” хэмээн нэрлэсэн байна.
Тёрнерийн карьер амжилтаар дүүрэн байсан ч түүний амьдралд олон сорилт тохиолджээ. Эцгийнхээ амиа хорлосны дараа 24 насандаа гэр бүлийн зар сурталчилгааны бизнесийг удирдаж эхэлсэн тэрбээр уй гашуугаа хөдөлмөрөөр даван туулж, улмаар радио, телевизийн салбар руу үйл ажиллагаагаа тэлсэн байна. Хожим Time Warner-д бизнесээ худалдсан ч CNN-дээ үргэлж хайртай хэвээр үлджээ.
Сүүлийн жилүүдэд тэрээр тархины ховор өвчин болох "Lewy body dementia"-тай тэмцэж, 2025 онд уушгины хатгалгаа тусч, эмчлүүлж байжээ.