Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д “Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ даваа гарагт (2026.05.04) эхэлсэн. Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ өнөөдөр (2026.05.07) гурав дахь өдрөө болж, “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-тай хамтран төслийн санхүүжилтийн эх үүсвэр, боломжит хөрөнгө оруулалтын хувилбаруудыг судлан, үр ашигтай санхүүжилтийн шийдлийг тодорхойлохоор “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” агуулгын хүрээнд илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөлөө. Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд 7.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг төсөл, хөтөлбөрүүдэд олгоод байгааг дурдав. Мөн ойрын хугацаанд Хөгжлийн банкны хуулийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаагаас гадна тус банкны засаглалыг сайжруулах тал дээр Эдийн засаг, хөгжлийн яам анхаарч ажиллаж байгааг онцлов.

Хөгжлийн банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Г.Батжаргал ““Хөгжлийн банкны Олон улсын хөрөнгийн зах зээл дэх оролцоо” сэдвээр илтгэл танилцуулав. Тэрбээр, 2026 онд олон улсын зах зээлд бонд гаргаж, эх үүсвэр татах судалгаа шинжилгээний ажил хийгдэж буйг дуулгалаа.

“Ди Би Эм ассет Менежмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин “Тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл танилцуулав. ““Ди Би Эм ассет Менежмент ХХК нь гурван санг үүсгэн байгуулаад удирдан ажиллаж байгаа. Эдгээр нь, Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан, Ди Би Эм ногоон хөгжил сан, Бүсийн ногоон хүртээмжтэй ХАА-н бизнес ХХОС гэсэн сангууд. Хөрөнгө оруулалтын санг удирдах олон улсын жишгийг нэвтрүүлэх, олон улсын хөрөнгийн урсгалыг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Монгол Улсад хэрэгжиж буй төслүүд рүү чиглүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулалт, менежментийн компани болох гэсэн зорилтуудыг тавин ажиллаж байгаа” гэв.

“Ди Би Эм ассет Менежмент ХХК-ийн Сангийн менежер Г.Юмханд “Орлогод нийцсэн орон сууц, эко хорооллыг санхүүжүүлэх нь” сэдвээр илтгэл танилцуулав. Тус сан нь Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд орлогод нийцсэн 4200 айлын ногоон орон сууцны төсөлд оролцож байгаа. Төсөл хэрэгжсэнээр 5000 яндан, 5000 нүхэн жорлонг бууруулах нөлөөллийг бий болгох тухай онцлов.

“Ди Би Эм ассет Менежмент ХХК-ийн Хөрөнгийн удирдлагын газрын захирал С.Бэрцэцэг “Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийг санхүүжүүлэх нь” сэдвээр илтгэл танилцуулав.

Үргэлжлүүлэн “Бэлчээрийн доройтолтой бүс нутгийн тогтвортой амьжиргаа ба ногоон хөгжлийн шийдлүүд” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнөлөө. ЭЗХЯ-ны нэгдсэн төслийн нэгжийн зохицуулагч М.Энх-Амар, ХААН банк ХК-ийн Ногоон санхүүжилтийн газрын захирал Б.Болортуяа, Монголын Байгалийн өв сангийн Гүйцэтгэх захирал Э.Номиндарь, Монгол дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр (UNDP) -ийн шинжээч Т.Дэлгэрнаран нар хэлэлцүүлэгт оролцов.