Японд хууль бус гадаад ажилчдын талаар мэдээлэл өгсөн иргэдэд 10 мянган иенийн урамшуулал олгох шийдвэр гаргажээ

Японд хууль бус гадаад ажилчдын талаар мэдээлэл өгсөн иргэдэд 10 мянган иенийн урамшуулал олгох шийдвэр гаргажээ

Японы Ибараки муж 2026 оны тавдугаар сараас эхлэн хууль бусаар гадаад иргэн ажиллуулж буй аж ахуйн нэгжийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн иргэдэд мөнгөн шагнал олгох систем хэрэгжүүлж эхэлжээ.

Тодруулбал, Тус хөтөлбөрийн хүрээнд хууль бус хөдөлмөр эрхлэлт илэрч, мэдээлэл нь батлагдсан тохиолдолд мэдээлэгчид 10,000 иен буюу ойролцоогоор 230 мянган төгрөгийн урамшуулал олгохоор төлөвлөжээ. Ибараки мужийн захиргаа энэ арга хэмжээ нь хууль бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулж, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна.

Японы Цагаачлалын албаны мэдээллээр Ибараки муж нь хууль бус гадаад ажилчдын тоогоор сүүлийн дөрвөн жил дараалан улсын хэмжээнд дээгүүрт бичигдэж байгаа аж. 2024 онд л гэхэд тус мужид 3400 гаруй хууль бус хөдөлмөр эрхлэлтийн тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Гэвч энэхүү бодлого нь хүний эрхийн байгууллагууд болон иргэний нийгмийн шүүмжлэлтэй тулгараад байна. Тэд “мөнгөөр хов мэдээлэл цуглуулах” тогтолцоо нь гадаад иргэдийг ялгаварлан гадуурхах, иргэдийн хооронд үл итгэх байдал үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Мөн зарим шинжээч “гадаад хүн харагдвал сэжиглэх” уур амьсгал бий болж болзошгүйг анхааруулжээ.