ВИДЕО: Автобусанд 60 сая төгрөгөөр хяналтын камер суурилуулж, нэгдүгээр эгнээгээр зорчих автомашиныг хянах гэсэн ч үр дүнд хүрэхгүй байгаа ажээ

ВИДЕО: Автобусанд 60 сая төгрөгөөр хяналтын камер суурилуулж, нэгдүгээр эгнээгээр зорчих автомашиныг хянах гэсэн ч үр дүнд хүрэхгүй байгаа ажээ

Нэгдүгээр эгнээгээр зорчиж буй  болон автобусны буудал дээр зогсож зорчих хөдөлгөөнд саад учруулж буй жолооч нарын зөрчлийг илрүүлж баримтжуулах зорилгоор нийтийн тээврийн автобуснуудад хяналтын камерыг байрлуулсан. Иймд бид энэ удаа автобуснуудад байрлуулаад сар гаруйн хугацаа өнгөрч буй хяналтын камер үүргээ гүйцэтгэж, үр дүнгээ хэрхэн өгч байгаа талаар сурвалжиллаа.

ВИДЕО

Автобусны хяналтын камерын үүрэг, зориулалт, үр дүнгийн талаар бид Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодруулахад, "Нийтийн тээврийн автобусны урд хэсэгт теле камерыг байршуулаад сарын хугацаа болж байна. Эдгээр камераар автобусны буудал дээр зогсож байгаа автомашины зөрчлийг зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний Удирдлагын Төвд илгээж байгаа юм. Ингэснээр тухайн автобусны буудал дээр зогссон автомашины жолоочид Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна.

Тодруулбал, теле камерыг 1,100 автобусанд байршуулснаар автобусны буудал дээр  06:00-22:00 цагийн хооронд түр болон удаан хугацаагаар зогсож байгаа мөн нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа автомашинуудын зөрчлийг баримтжуулж байгаа. Иймд автобусны буудал дээр 06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсох, нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхааруулж байна" гэлээ. Мөн иргэд маань цагдаагийн албан хаагчийг байхгүй бол дүрэм зөрчдөг. Ингээд өөрсдийгөө зам тээврийн осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Мөн замын зохиомол түгжрэл саатлыг бий болгож байна. Түүнчлэн замын хөдөлгөөний удирдлагын газраас 45 хяналтын камераар давхар хянаж байгаа. Үүний цаана маш том сахилга бат тогтож байгаа гэж харж болно хэмээн цагдаагийн алба хаагч бидэнд ярилаа.

Энэхүү автобусны хяналтын камерыг улсын төсвийн 60 сая төгрөгөөр Зорчигч тээврийн гуравдугаар нэгтгэлээс суурилуулжээ.

Гэвч сарын өмнө суурилуулсан энэ камерууд үр дүнгээ өгөхгүй, улсын төсвийн мөнгийг үнэгүйдүүлж байгаа талаар нийтийн тээврийн жолооч нар хэлж байгаа юм. Бид автобусны жолоочийн байр суурийг хүргэхээр тодруулахад дараах зүйлсийг хэлж байсан юм.

Тухайлбал нэгдүгээр эгнээгээр зорчиж буй машины тоо цөөрөхгүй байгаа яг л хуучин шигээ ялгаагүй л байна шүү дээ. Замын хөдөлгөөнд хаалгаа нээж хаах зорчигчдын аюулгүй байдлыг давхар хянаж явахаас эхлээд түүнийг байнга дарж баталгаажуулж явахад тун хэцүү байдаг. Одоо энэхүү камерыг харахад бол бүрсгэр юм харагдаж байна.  Автобусны хөдөлгөөнд донсолгоод бүр бүрсгэр чанаргүй авагдах нь ч бий гэсэн юм.

Тодруулбал, камераар замын хөдөлгөөнийг бичиж байгаа ч жолооч нар кноп дарж байж л Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү зөрчлийн тухай мэдээлэл очдог. Мөн автобусны жолооч нар минут тутамд камерт анхаарлаа хандуулж, зөрчлийг илрүүлэх боломжгүй байдаг тул нэгдүгээр эгнээгээр автомашин зорчих зөрчил буурахгүй байгаа гэнэ. Харин замын хөдөлгөөний удирдлагын газраас уг камер нь ухаалаг системээр бус хүний механик үйлдлээр дарсан зургууд ирдэг учраас сарнисан, чанарын шаардлага хангаагүй байдаг. Иймд тоо баримтыг нарийн гаргахад хүндрэлтэй байдаг. Уг камерыг байршуулаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд одоогийн байдлаар 800-аад зөрчил бүртгэгдсэн байна гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө