Цахим сүлжээнд өчигдөр /2025.08.21/ зодооны хэргээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа Ц.Санжаачойпэлийг шүүхээс суллаж, батлан даалтад гаргасан талаарх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл түүнийг суллаагүй, прокуророос таслан сэргийлэх арга хэмжээг нь үргэлжлүүлэх санал шүүхэд ирүүлснийг хэлэлцсэн талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхээс тойм бичиж, мэдээллээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос тус шүүхэд яллагдагч С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар сунгах тухай санал ирүүлсэнийг шүүх хүлээн авч, хуралдаанд хяналтын прокурор, яллагдагчийн өмгөөлөгч Б, М нарыг оролцуулан 2025 оны наймдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд прокурорын гаргасан саналыг хуульд нийцээгүй гэж дүгнэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчийг урьд цагдан хорьсон үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгана гэж заасан бөгөөд хяналтын прокурор нь анх яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналд хуульд заасан аль үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай огт дурьдаагүй байх тул шүүх өмнөх цагдан хорьсон үндэслэл арилаагүй гэж дүгнэх боломжгүй байна.
Мөн Хууль тогтоогчоос 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж өөрчлөлт оруулсан байхад хяналтын прокурор дээрх хуульд зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналд хамаарах баримт, мэдээллийг дурьдаж, шүүх болон оролцогч нарт танилцуулаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “АНУ-ын визтэй тул оргон зайлах үндэслэлтэй” гэх тайлбар гаргасныг хүлээн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах үндэслэлгүй гэж дүгнэв. Түүнчлэн хяналтын прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналыг гаргах эрхтэй болно.