Усархаг бороо, аадрын улмаас өчигдөр буюу наймдугаар сарын 21-нд Улаанбаатар хотын 11 цэгт үер бууж, холбогдох албаныхан ажиллаж хэвийн болгосон аж.
Борооны ус зайлуулах шугам хоолойгүйн улмаас ус ихээр тогтсон байршлуудад 8560 тонн ус соруулж замын зорчих хэсэг, орц, гарц, гудамж, талбай, байрны зоорийн давхар, гараашийг хэвийн болгосон байна. Мөн борооны ус зайлуулах сувгийн худгууд, үерийн далан, гуу жалганд үерийн усаар дамжин ирж хуримтлагдсан лаг хагшаас, хог шороог дүүргүүдийн онцгой комисс болон зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагууд хамтран цэвэрлэжээ.
Цэвэрлэгээ үйлчилгээний араас төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт гудамж, талбайд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага болон дүүргийн мэргэжлийн байгууллагууд хамтран ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Урьдчилсан байдлаар 355.000 ам метр талбайг замын хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө ариутгажээ.