“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон тус нэгдлийн ТУЗ-ийн төлөөлөл 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажилласан байна. 

Уулзалтын эхэнд, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг сонсож, Засгийн газрын 14 мега төслийн нэг болох Ган боловсруулах үйлдвэрийн цогцолбор төслийн явцтай танилцлаа. Тус үйлдвэр 2025 оны эхний хагас жилд татварын дараах дүнгээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, улсын болон орон нутгийн төсөвт 51.7 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлж, зорилтот үзүүлэлтээ бүрэн биелүүлжээ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг нээлттэй, ил тод болгох замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн тээвэрлэлтэд тулгарч байсан дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, гадаад валютын нөөц бүрдүүлэх чиглэлд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласнаар эдгээр эерэг үзүүлэлт гарсан байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн борлуулалтын орлого, цэвэр ашиг, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж өсөн үйл ажиллагаа сайжирсныг дурдаад, цаашид ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх, нойтон баяжуулах үйлдвэрийн ашигт ажиллагааг сайжруулах, орлогоо нэмэгдүүлж зардлаа бууруулах, худалдан авалтыг илүү ил тод болгох зэрэг үүрэг даалгавар өглөө.