Э.Даваажамц: Цэргийн тангараг үнэ цэнтэйг харуулах гэж 5000 км гүйж, хэт холын марафон гүйлтийн рекордыг хоёр удаа шинэчилсэн

Э.Даваажамц: Цэргийн тангараг үнэ цэнтэйг харуулах гэж 5000 км гүйж, хэт холын марафон гүйлтийн рекордыг хоёр удаа шинэчилсэн

Цэрэг хүний тэсвэр тэвчээр, хатуужил, өргөсөн тангараг ямар үнэ цэнтэй болохыг үлгэрлэн харуулсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамцтай ярилцлаа. Монгол улсын хэт холын марафон гүйлтийн рекордыг хоёр ч удаа шинэчлэн баталсан түүнтэй салбарынх нь талаар болоод бусад зүйлийг ярилцсан юм.

ВИДЕО:

-2021 оны цар тахлын дараа гүйсэн хэт холын гүйлтээр ярилцлагаа эхлэе. Тухайн үед анхны сэдэл, мотиваци юу байсан бэ?

-Цар тахлын дараа буюу 2021 онд 2127 км замыг 47 хоногт туулж хэт холын марафон гүйлтийн рекордыг шинэчилж байсан. Тухайн үед хэт холын марафон гүйлтийн дээд хэмжээ 1000 км-ээр хэмжигдэж байлаа. Тус онд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоос эхлээд маш олон аймаг, сум байгууллагын 100 жилийн ой тохиож байсан. Мөн манай Зэвсэгт хүчний үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байсан юм. Хүн бүр энэ тэгш ой, 100 жилийн ойг үзэх тохиол тэр болгон таарахгүй шүү дээ. Мөн энэ салбартай амьдралаа холбоод 10 гаруй жилийн хугацааг өнгөрөөсөн хүний хувьд салбарынхаа 100 жилийн ойд ямар бэлэг барих вэ гэж их бодсон. Би өөрийн салбар, албаараа маш их бахархдаг. Миний хамгийн сайн чаддаг зүйл бол дасгал хөдөлгөөн, гүйлт байсан. Улмаар гүйлтийн спортоор салбартаа бэлэг баривал чадах байх гэж бодсон. Тэгээд Ховд-Улаанбаатар-Дорнод чиглэлд 2127 км туулсан түүхтэй.

-Их туршлага сууж, олон зүйлийг эргэцүүлсэн байх.

-Тийм ээ. 40 гаруй хоног гүйнэ гэдэг амаргүй. Алтайн сүрлэг уулсаас Дорнын их тал хүртэл гүйх хугацаанд маш олон дурсамж бүтээсэн байна. Ямар сайхан уудам тал нутаг, үзэсгэлэнт эх оронтой юм бэ гэх бахархал төрж байлаа. Монгол хүн болж төрсөндөө, аав ээжээрээ маш их бахархаж, талархаж байсан. Хажууд ярилцаад гүйх хүн байхгүй шүү дээ.  Тийм учир тэр өдрүүдийг өөрөө өөртэйгөө ярилцаж, олон зүйлийг эргэцүүлж өнгөрөөсөн дөө. Маш их туршлага суусан.

-Үндэсний их баяр наадмын өмнө 5000 км замыг гүйж тууллаа.. Энэ удаагийн гүйлтийн талаар.

-Энэ жил 2025 оны гүйлт бол “Таван цэг” нэртэйгээр төслийн хэмжээнд гүйсэн. Өнгөрсөн жил Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд эх орондоо ирээд Хуурай замын командлагчдаа дахин хэт холын гүйлт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Улмаар багаа бүрдүүлж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр эх орныхоо баруун хязгаар Алтай таван богдын Сонгинотын даваанаас гараагаа эхлүүлсэн. Баг хамт олон маань өнгөрсөн долдугаар сарын 05-ны өдөр өмнөд захын цэг Орвог гашуун бор толгой дахь Соёмбот баганад амжилттай хүрч, бараалсан. Ингэснээр 95 хоногийн хугацаанд 5011 км замыг гүйсэн гэсэн үг. Надтай хамт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Буян-Өлзийгийн Буянхишиг гэх эмэгтэй 46 хоногт 2222 км туулаад өндөрлүүлсэн.Өдөрт 50-100 км замыг туулж байсан. Мэдээж маш багаас биеэ дасгаж эхлүүлсэн. Ингээд 15 аймгийн 70 гаруй сум, нийслэлийн гурван дүүргээр дамжин гүйсэн байна.

-БИ МӨРӨӨДЛӨӨРӨӨ АМЬДАРЧ БАЙГАА ХҮН-

-Энэ олон километр замыг гүйж туулсан таны зорилго юу вэ?

-Монгол улсын хэт холын марафон гүйлтийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоолоо. 2021 онд 1000 км-аар хэмжигдэж байсан бол 5000 км боллоо шүү дээ. Цэрэг хүн ямар их тэсвэр хатуужилтайг, өргөсөн тангараг ямар үнэ цэнтэйг харуулахыг зорьсон.

-Та их олон удаа салбараараа бахархдаг гэж дурдлаа. Энэ салбартай яаж холбогдсон юм бэ. Гэр бүлд тань энэ салбарын хүмүүс байдаг уу?

-Би дээрээ таван ахтай. Ах нар маань бүгд нэг жилийн хугацаат цэргийн албыг хаасан. Тэгээд л ах нараа санахдаа дүрэмт хувцсыг нь дэрлэж унтдаг байлаа. Тэр үеэс буюу сургуулийн сурагч болох үеэс цэргийн хүн болно гэж шийдсэн. Би бол мөрөөдлөөрөө амьдарч байгаа хүн. Мөрөөдөж ирсэн албаараа амьдарч байгаагийн хувьд олон залууст үлгэрлэхийг хүсдэг. Энэ хэт холын гүйлтээрээ үлгэрлэж байгаа байх гэж найддаг. Учир нь би төрийн далбаагаа үүрээд, цэрэг хувцсаа өмсөөд, алтан соёмбот малгайгаа өмсөөд гүйдэг. Энэ нь бахархал болсон салбараа тодорхой хэмжээнд ард иргэд, хүүхэд залууст сурталчилж, түгээн дэлгэрүүлж байгаа гэж дотроо найддаг.

-Энхийг сахиулах ажиллагаанд явж байсан тухайгаа дурдлаа. Хэдэн удаа явж байсан бэ?

-Анх 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд явсан. Дараа нь 2016 онд дахин Бүгд Найрамдах Өмнөд Судан улс руу явсан бол 2019 онд Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Улмаар хамгийн сүүлд буюу 2023 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явж, 2024 онд ирсэн. Улмаар 2025 онд хэт холын гүйлтээ хийсэн байна. Дөрвөн удаа энхийг сахиулах ажиллагаанд явахдаа НҮБ, НАТО-гийн цэрэг байж үзсэн. Цэнхэр дуулга болон ногоон дуулга өмсөөд олон аавын сайхан үрстэй мөр зэрэгцээд энх тайван, амар амгалангийн төлөө үүрэг гүйцэтгэсэн байна.

-Энхийг сахиулах ажиллагаанд явах үед ер нь юу бодогддог вэ. Тэр халуун нөхцөлд их хүнд байдаг байх.

-Монголчууд маань өөрсдийгөө ядуу байна гэж хэлдэг. Байгалийн баялагтай ч үр шимийг нь хүртэхгүй байна гэж хэлдэг. Гэхдээ бид үнэхээр баян гэж хэлмээр санагддаг. Жинхэнэ ядуу хүмүүс бол Африкт байгаа тэр хүмүүс шүү. Өлсгөлөнд нэрвэгдчихсэн хүүхдүүд, идэх хоолгүй, өмсөх хувцасгүй гээд маш хэцүү зүйлсийг өдөр бүр хардаг.

-Сайн явж буй хүн бүрийн ард бат даадаг хань бий. Гэр бүлийнхээ талаар.

-Миний ханийг М.Мөнхзаяа гэдэг. Маш сайхан бүсгүй бий. Ханьтайгаа 10 жилийн сурагч байхаасаа үерхэж нөхөрлөж байсан. Улмаар хоёулаа хотод оюутан болж ирээд нийтийн байраас эхлээд хамтдаа хоолтой, хоолгүй гээд олон зүйлсийг хамт туулсан. Одоо дөрвөн сайхан үрийн аав, ээж болжээ. Эхнэр маань цэргийн хүний амьдрал ямар байдгийг анхнаас нь харж байсан болохоор маш сайн мэддэг. Хоёр, гурав хоногоор ч явах үе байна. Тэр бүрд хувцас, хэрэглэл, хоол хүнсийг маань бэлдэж өгөөд явуулдаг байлаа. Арыг маань бат даадаг ханьтай учраас өдий зэрэгтэй явж байна. Мөрдөс зүүсэн цэргийн алба хаагч нарт ар гэрийн дэмжлэг маш чухал. 2021 оны гүйлтэд маань хүртэл хань маань хамт явж хоол хүнс арын албыг дааж байлаа. Хамтдаа рекордыг тогтоосон. Тухайн үед хадам ах маань жолооч хийгээд гурвуулаа явж байлаа даа.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө