Х.Нямбаатар "3х3 сагсан бөмбөгийн ДАШТ"-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй тамирчдад гардуулсан батламжийнхаа орон сууцыг одоог хүртэл олгоогүй байна

Х.Нямбаатар "3х3 сагсан бөмбөгийн ДАШТ"-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй тамирчдад гардуулсан батламжийнхаа орон сууцыг одоог хүртэл олгоогүй байна

Өнгөрсөн долдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан "Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ"-ээс Монгол Улсын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртсэн. 

Бахархам энэ амжилтыг бид улс даяараа тэмдэглэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эмэгтэй шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнасан юм. Ингэснээр тэд сагсан бөмбөгийн спортоос Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнуулсан анхны эмэгтэй тамирчин болсон.  Мөн томилогдоод хэдхэн хонож байсан Ерөнхий сайд Г.Занданшатар мөн дээрх багийн тамирчдыг хүлээн авч Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгийг гардуулсан юм. 

Энэ өдрөө үргэлжлүүлэн Хотын дарга Х.Нямбаатар энэ өдөр тус багийн тамирчдыг хүлээн авч уулзан орон сууцны батламжийг гардуулсан.

Гэвч тэрбээр эл орон сууцаа одоог хүртэл 3X3 эмэгтэй шигшээ багийн тамирчдад өгөөгүй байна. Тэр бүү хэл нэг ч хүн холбогдож эл асуудлаар мэдээлэл өгөөгүй аж. 

Өөрөөр хэлбэл, батламж гэж цаас гардуулаад л "алга" болсон байна. Угтаа бол гардуулсан батламжийн араас хэн нэгэн холбогдож хотын ийм байрлалд хэдэн өрөө орон сууц өгөхөөр боллоо. Тэнд ирж уулзаж холбогдох бичиг баримтыг бүрдүүлээрэй зэргээр ажил хэрэг болгох ёстой. Гэтэл байр өгөх асуудал өнөөдрийг хүртэл бүрхэг хэвээр байгаа аж. Хотын дарга Х.Нямбаатарын сагсчин охидод өгсөн орон сууцыг Нийслэлийн орон сууцны корпораци хариуцна, түрээслээд өмчлөх орон сууц гэх зэргээр тухайн үед ярьж байв. Хэрэв тийм бол Нийслэлийн орон сууцны корпораци нь ихэнхдээ дахин төлөвлөлтөөр баригдаж буй орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр амьдруулдаг билээ. Тэгэхээр иргэн өргөдөл гаргах түүнийг албаныхан эрэмбэлэж орон сууцанд амьдруулах тодорхой хугацаанд түрээс төлж дараа нь өмчилдөг хэлбэр юм. 

Харин Хотын дарга Х.Нямбаатарын өгсөн батламжийн орон сууц хаана байршилтай, хэзээ өгөх зэрэг нь одоогоор тодорхойгүй байна. Улаанбаатар хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан гэх утгаараа түүнийг эл шагналыг өгсөн гэх мэдээлэл тухайн үед гарч байв. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө