Мал тууж яваад сураггүй болсон иргэнийг хадны ёроолоос бээрсэн байдалтай байхад нь олжээ

Мал тууж яваад сураггүй болсон иргэнийг хадны ёроолоос бээрсэн байдалтай байхад нь олжээ

Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат Цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Улаанбаатар хотод өчигдөр 20:40 цаг орчмоос эхлэн таван цаг үргэлжлэн орсон борооны үеэр НОК-ын Шуурхай Штабт зургаан удаагийн дуудлага мэдээлэл ирсэн.

Эдгээрээс дөрвөн дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид ажиллаад буцсан. Хамгийн сүүлд Төв аймгийн Баянцогт сумаас Эмээлт рүү мал тууж явсан иргэн бороон шамарганд мал туух боломжгүй байна гэсэн мэдээллийг 19:00 цагийн үед гэрийнхэндээ өгсөн байна. Гэрийнхэн нь тухайн байршилд очоод олохгүй байгаа тухай дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүн эрлийн ажиллагаа явуулж, эсэн мэнд олсон байна.  Тухайн иргэн “Цагаан хөтлийн даваа” гэдэг газраас зүүн тийш 13 км-т төөрч, бээрсэн байдалтай хадны ёроолд сууж байжээ.

Шөнө 01:30 цагийн байдлаар Баянхошууны 40 дүгээр хороонд айл үерийн усанд автсан дуудлагын дагуу онцгой байдлын бүрэлдэхүүн, Нарны зам дээр тогтсон усыг "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын алба хаагчид соруулж ажиллалаа. Бусад ус тогтдог байршлуудад хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө бороотой, шөнөдөө ахиу хэмжээний бороо орох тул иргэд, ААН, байгууллагууд мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг сонсож, аюулгүй байдлаа хангахыг зөвлөе" гэлээ.