Улаанбаатар хотын цаг үеийн асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатартай ярилцлаа.
ВИДЕО:
-Цаг үеийн асуудлаар хэд хэдэн зүйл тодруулахыг хүсэж байна. Та төлөөлөгчдийн гарын үсэг цуглуулж, тодорхой шаардлага хүргүүлсэн гэсэн. Яг ямар агуулгатай вэ?
-Миний бланкан дээр НИТХ-ын ээлжит бус хурлыг зарлуулах шаардлагыг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Үндсэн агуулга нь өнөөгийн үүссэн нөхцөл байдлыг бодитой тайлбарлах, төлөөлөгчдөд нийслэлд хэрэгжиж буй мега төслүүдийн талаар бүрэн мэдээлэл өгөх. Мөн эдгээр төслүүд нийслэлд хэрэгтэй эсэх, үр өгөөж нь ямар байх, хэрэгжсэний дараа хотын хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар тодорхой мэдээлэл авах шаардлагатай. Жишээлбэл, Туулын хурдны зам ашиглалтад орсноор түгжрэл хэдэн хувиар буурах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Одоогоор 33 төлөөлөгч гарын үсэг зурсан. Манай бүлэг 40 гишүүнтэй ч гадаадад, чөлөөтэй байсан хүмүүсээс гарын үсэг авч амжаагүй.

-Ээлжит бус хурал зарлах хугацааны хувьд боломж бүрдсэн үү?
-Хуулиараа НИТХ улиралд нэг удаа, дэгийн дагуу сар бүр хуралдах ёстой. Энэ жил дөрвөн сар өнгөрөхөд хоёрхон удаа хуралдсан байна. Тиймээс шаардлага бүрэн хангагдсан. Мөн иргэдийн дунд мэдээллийн зөрүү, талцал үүсэж байгаа учраас нэгдсэн мэдээлэл өгөх шаардлагатай байна.
-Хурал яагаад одоогоор зарлагдаагүй байна вэ?
-НИТХ-ын дарга А.Баяртай өнөөдөр уулзсан. Өмнө нь уулзах хүсэлт тавьж байсан ч ажил, чөлөөтэй байсан шалтгаанаар хойшилсон. Бичгийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор хүргүүлсэн, танилцсан байгаа. Ойрын хугацаанд хурал зарлагдана гэж ойлгож байна. Зарим мэдээллээр энэ шаардлагыг даргыг огцруулах улс төрийн акц гэж тайлбарласан. Гэхдээ бичигт тийм агуулга байхгүй, зөвхөн мэдээлэл авах зорилготой.
-Хуралдах тов гарсан уу?
-Одоогоор гараагүй. Зөвлөл хуралдаж, хэлэлцэх асуудлаа баталсны дараа тов гарна.
-Та Туулын хурдны замын төслийг дэмжиж байгаа юу?
-Дэмжиж байгаа. Энэ төсөл манай намын мөрийн хөтөлбөрт туссан, иргэдэд амласан ажил. Сонгинохайрхан дүүргийн 15 мянга орчим сонгогчийн дэмжлэгээр сонгогдсон учраас амлалтаа хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Иргэдийн дунд эсэргүүцэл, шүүмжлэл байна. Үүнийг хэрхэн харж байна вэ?
-Зарим нь захиалгатайгаар эсэргүүцэж байна гэж харж байна. Харин нөгөө талаас компанийн чадамж, хугацаанд хяналт тавих шаардлага тавьж байгаа нь зөв. Тендерийн нарийвчилсан процесст бид оролцох эрхгүй. Олон улсын тендер явагдаж, хоёр шаттайгаар шалгаруулалт хийж байгаа. Төслийг хариуцаж буй орлогч дарга Даваадалай илүү нарийн мэдээлэлтэй. Бидэнд ерөнхий мэдээлэл бий ч бүх тоо, судалгаа байхгүй.
-Зарим төлөөлөгч ажлаа өгч, төслийг эсэргүүцэж байна гэх мэдээлэл байна.
-Тийм зүйл байхгүй. Н.Зундуйдоржтой уулзахад өөрөө тийм байр суурь илэрхийлээгүй, өөрийнх нь өмнөөс мэдээлэл гарсан гэж тайлбарласан. Дөнгөж сая таарахад ч мөн адил хэлсэн. Бүгд төслийг дэмжсэн байр суурьтай. Д.Бадарсан зөвлөхөөр, Н.Зундуйдорж холбогдох албан тушаалд ажиллаж байна.
-Томоохон төслүүдийг зорилготой харлуулж, зогсоох оролдлого байна гэж та хэллээ. Үүний цаад шалтгаан юу вэ?
-Эдгээр төсөл бодитоор хэрэгжиж, Сэлбэ дэд төв зэрэг бүтээн байгуулалт нүдэнд харагдаж эхэлбэл улс төрийн нөлөө үзүүлнэ. Энэ нь зарим бүлэглэлд ашиггүй. 2028 оны сонгуулийг харсан улс төрийн сонирхол ч бий.
-Тендерт ихэвчлэн Хятадын компаниуд шалгарч байгаа нь шүүмжлэл дагуулж байна.
-Олон улсын тендер зарладаг ч оролцогчид нь ихэвчлэн Хятад, Хонконгийн компаниуд байна. Хамгийн бага үнийн санал, логистикийн давуу тал зэргээс шалтгаалж тэд шалгарч байгаа. Бусад улсын компаниуд оролцох нь бага байна.

-Туулын хурдны замын ажлыг түр зогсоосон шийдвэрийг та хэрхэн харж байна вэ?
-Нийгмийн бухимдал өндөр байсан. Нөгөө талаас байгаль орчны менежментийн төлөвлөгөө дутуу байсан. Тиймээс түр зогсоож, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлсний дараа үргэлжлүүлэх нь зөв гэж үзэж байна. Иргэдэд тайлбар өгч, ойлголцох шаардлагатай.
-Ярилцлагыг дүгнэвэл төлөөлөгчид төслүүд дээр нэгдмэл байр суурьтай гэж ойлгож болох уу?
-Гарын үсгээс харахад ойлгомжтой. 33 төлөөлөгч ээлжит бус хурал зарлахыг дэмжсэн. Нарийвчилсан мэдээлэл дутмаг ч мөрийн хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг дэмжиж байна.
-Ярилцсанд баярлалаа.