УИХ-ын ёс зүйн дэд хороонд 2026 оны нэгдүгээр улиралд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой 48 гомдол ирсэн. Ёс зүйн дэд хороо дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж эдгээр болон бусад санал гомдлыг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшилсон билээ. Тэгвэл УИХ-ын Ёс зүйн дэд хороонд М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой гомдол хүргүүлсэн иргэнтэй ярилцлаа.
ВИДЕО:
- Урилгыг маань хүлээн авч ирсэн танд баярлалаа. Ярицлагаа УИХ-ын гишүүн ямар ёс зүйтэй байх ёстой вэ гэсэн асуултаар эхэлье. Энэ асуудалд та иргэнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?
- Баярлалаа. Намайг Д.Отгонбаяр гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг, Баянзүрх дүүргийн иргэн. Хууль талаасаа УИХ-ын гишүүн ямар хэм хэмжээтэй байх ёстой вэ гэдгийг сайн мэдэхгүй байна. Харин иргэнийхээ хувьд хэрхэн ойлгодог вэ гэвэл, соёл боловсрол, хандлага бүх зүйлээрээ л өндөр түвшинд байж, УИХ-ын гишүүн болох ёстой байх. УИХ бол манай хууль сахиулах дээд байгууллага. Тэнд ард түмнийг төлөөлж, гишүүн болж орж байгаа хүн бол бүх зарчим, шаардлагад нийцсэн хүн байх ёстой гэж бий ойлгож байгаа.
- Та М.Нарантуяа-Нара гишүүнийг ёс зүйгүй байна хэмээн УИХ-ын ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан. Таны гомдол ямар агуулгатай вэ?
- Би өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны цахим хаягт и-мэйл бичиж, гомдлоо гаргасан. Миний хувьд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн удаа дараагийн ёс зүйгүй үйлдлүүд, хэрээс хэтэрсэн үг хэллэг, иргэдийг доромжилж байгаа байдалд нь тэвчээр алдарсан учраас гомдол гаргасан.
- М.Нарантуяа-Нара гишүүн “Эдгээр 48 гомдлыг өөр өөр хүмүүс ирүүлсэн боловч үг, үсэг, цэг таслал ижилхэн байгаа юм. Троллуудын хүсэлтээр Ёс зүйн дэд хороо хуралдах гэж байна” гэж мэдээлсэн. Та энэ яриаг хэрхэн дүгнэж байна?
- Тийм байналээ. Маш утгагүй, нөгөө л ёс зүйгүй байдлаа дахиад гаргасан. Хувь хүн нь өөрөө тийм ёс зүйгүй хүн юмуу, би сайн мэдэхгүй байна. Би хувь хүнийхээ үүднээс гомдлоо гаргасан. Бусад хүмүүс ямар утга санаатай, яаж гомдлоо гаргасан талаар мэдэхгүй байна. Ёс зүйгүй байсных нь төлөө гомдол гаргасан энгийн иргэнийг тролл гэж дуудна гэдэг бол маш бүдүүлэг. Бусад 47 хүн ч бас бүгд тролл уу. Миний хувьд энэ тролл гэж дуудаж байгаа явдалд бухимдаж байгаа. Би бол сошиал орчинд өөрийнхөө нэрээр, зургаа тавиад үзэл бодлоо илэрхийлээд байж байдаг жирийн иргэн хүн.

- Ёс зүйн дэд хорооноос гомдол гаргасан хүмүүсийг хуралдаа дуудаж, и-мэйл илгээсэн гэсэн. Үүнийг та хэрхэн хүлээж авсан бэ?
- Дөрөвдүгээр сарын 6-нд надад Ёс зүйн дэд хорооноос и-мэйл ирсэн. “Дөрөвдүгээр сарын 7-ны өглөө 10:00 цагт бэлэн байгаарай. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудлыг шийднэ” гэсэн агуулгатай. Харамсалтай нь миний “Spam”-д ирсэн байсныг нь хурлаас өмнө олж хараагүй учир очиж чадаагүй. М.Нарантуяа-Нара гишүүний өчигдрийн яриаг нь сонсож байхдаа эртхэн и-мэйлээ шалгаад, өрийн биеэр очиж “тролл биш” гэдгээ нотолдог байж гэж бодоод, харамсаад байгаа. М.Нарантуяа-Нара гишүүний сошиалд гаргаж байгаа хандлагыг монголчууд надаар хэлүүлэлтгүй мэдэж л байгаа шүү дээ. Монгол Улс парламентийн сонгууль хийгээд 36 жил боллоо. Энэ 36 жилийн түүхэнд анх удаа ингэж удаа дараа ёс суртахуунгүй үйлдэл гаргаж байгаа хүн нь М.Нарантуяа-Нара гишүүн. Өөрөө бас ярихдаа “Би зөвхөн чуулган хуралдаж байх үед л УИХ-ын гишүүнээ хиймээр байна. Айлын эхнэр, ээж хүн учраас би бусад үед нь өөрийнхөөрөө баймаар байна” гэж байна. Үүнийг ч бас би байж болохгүй л зүйл гэж бодож байгаа. УИХ-ын гишүүн хүн ямар ч цаг үед ёс зүйгүй үйлдэл гаргаж болохгүй. Хэдий гомдол санал илэрхийлээгүй ч надтай адил үзэл бодолтой мянга мянган хүн бий.
- Ерөнхийлөгч ёс зүйн асуудалтай гишүүдийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачилсан. Үүнийг та дэмжиж байгаа юу? Ямар байр суурьтай байгаа вэ?
- Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачилснаас хойш энэ талаар сайшааж, буруушаасан ярианууд олон нийтийн сүлжээгээр явсан. Би бол ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийг зөв зүйтэй гэж бодож байгаа. Гишүүдийг эргүүлэн татдаг байх ёстой. Ёс зүйгүй үйлдэл гаргасан бол, мөн тухайн гишүүн авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон бол заавал эргүүлэн татаж зохих хуулийн хариуцлагыг нь хүлээлгэж байх ёстой. М.Нарантуяа-Нара гишүүн ийм харилцаа хандлагатайгаар улсыг засаж, иргэдийг төлөөлнө гэж байхгүй.
- Ярилцсанд баярлалаа.