Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн А.Энхмэндийн томилгоотой холбоотой тус банканд 10 саяын шийтгэл оногдуулсан хэргийг Дээд шүүх хянана

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн А.Энхмэндийн томилгоотой холбоотой тус банканд 10 саяын шийтгэл оногдуулсан хэргийг Дээд шүүх хянана

“Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн гомдолтой, Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох хэргийг Улсын дээд шүүх энэ сарын 14-ний /2026.04.14/ өдөр хэлэлцэхээр товложээ. 

Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч А.Энхмэндийг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр давхар томилсон нь Банкны тухай хууль зөрчиж байна хэмээн Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хянан шалгагч, улсын байцаагч үзэж, Зөрчлийн тухай хуульд зааснаар 10 мянган нэгжээр торгох шийтгэлийг Худалдаа хөгжлийн банканд оногдуулсан байна. Харин уг зөрчлийн шийтгэлийг Худалдаа хөгжлийн банк эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргаснаар маргаан үүссэн аж. 

-ХХБ-ЫГ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭМЭЭН ҮЗЭЖ, 10 САЯАР ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖЭЭ-

Тодотговол, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хянан шалгагч, улсын байцаагч С.Батмөнх нь 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр тоот дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай Эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдэж,

  • Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн дугаар тоот тушаалаар А.Энхмэндийг Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор томилж,
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай “Томилгоо хийх тухай” тогтоолоор баталгаажуулсан.
  • Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох тухай” тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон нь

Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.5 дахь заалт буюу "Банкны төлөөлөн удирдах зөвлөл нь банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх" гэж заасан шаардлагад нийцэхгүй, Худалдаа хөгжлийн банкнаас тайлбар мэдүүлэг авсан боловч зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байх тул” гэж дүгнээд, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу “Худалдаа хөгжлийн банкны Банкны тухай хууль зөрчсөн” үйлдэлд хэрэг нээсэн байна.

Улмаар 2025 оны долдугаар сарын 07-ны өдөр дугаар тоот бүхий “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг үйлдэж, Зөрчлийн тухай хуульд зааснаар 10 мянган нэгжээр торгох шийтгэлийг Худалдаа хөгжлийн банканд ногдуулсан аж. 

-АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХХБ-НД ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН УЛСЫН БАЙЦААГЧИЙН "ЗӨВ" ГЭЖ ҮЗЭВ-

Харин Худалдаа хөгжлийн банк нь тус торгох шийтгэлийг эс зөвшөөрч, анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Ингэхдээ, А.Энхмэнд нь Худалдаа хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэсэн хоёр албан тушаалын чиг үүргийг тус тусын гэрээ болон хууль, тогтоомж, журмын хүрээнд бие даасан байдлаар, давхардал үүсгэхгүйгээр гүйцэтгэдэг болохыг дурдаад, “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” хэмээжээ. 

Энэ дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх тус хэргийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хэлэлцээд гомдол гаргагч Худалдаа хөгжлийн банкны гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Худалдаа хөгжлийн банканд Зөрчлийн хуулийн дагуу 10 мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийдвэрийг зөв гэж үзсэн аж. 

-10 САЯАР ТОРГУУЛСАН ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ДАВЖ ЗААЛДСАН Ч ТУСЫГ ЭС ОЛСОН ТУЛ ДЭЭД ШҮҮХЭД ХАНДЖЭЭ-

Харин Худалдаа хөгжлийн банк анхан шатны шүүхийн эл шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагч Худалдаа хөгжлийн банкны давж заалдах гомдлыг хангахгүй орхих магадлал гаргасан байгаа юм. Ингэснээр Худалдаа хөгжлийн банк дээрх шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, энэ дагуу тус гомдлыг хэлэлцэх хурал энэ сарын 14-ний өдөр товлогдсон байна. 

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө