УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Бүсчилсэн хөгжлийн талаар намууд хөтөлбөр гаргаж, хөгжүүлэхээр өөр өөрийн үзэл баримтлалын дагуу мөрийн хөтөлбөртөө тусгасан. УИХ-ын гишүүн бүсчилсэн хөгжлийн талаар сонгуулийн хугацаанд ярьж явах ёстой. Гэтэл Сайд Ч.Хүрэлбаатар намайг бүсчилсэн хөгжлийн талаар ажиллаж, аймгуудаас санал авахгүй юм уу гэж ярьсан байна лээ. Бүсчилсэн хөгжлийн талаар тодорхой нам хөтөлбөр гаргаж, энэ дагуу Засгийн газар хөтөлбөрөө хэрэгжүүлээд явдаг. Цөөнх бол сонгууль дээр санал бодлоо уралдуулна. Хувь хүний үзэл бодлоор хөгжлийн эсрэг ярих нь буруу юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан мөртлөө Увс аймгийг хөгжүүлбэл хөгжүүлэхээр л хугацаа өнгөрлөө. Зам тавьдаг компанитай болохоороо л нутагтаа зам тавих юм шиг байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Сүүлийн өдөр хэрүүл маргаанаа багасгамаар байна. Бүсчилсэн хөгжлийг олон жил ярьж байгаа. Ямар ч байсан тогтоол баталж, сонгуулийнхаа системээ таван бүс болгож хуваасныг дэмжиж байгаа. Ялангуяа хангайн тойрог буюу нэгдүгээр тойрог байна. Хархорум хотоор 800 жилийн өмнө бүх зам очдог байлаа. Энэ байдлыг энэ тойрогт нэр дэвшиж байгаа бид хийнэ. Арвайхээр, Цэцэрлэг, Хархорин хотыг холбосон "алтан гурвалжин"-г сэргээж хийнэ. Манай нөхөд сэтгэлийн хөөрлөөр дутуу юм их хийх юм. Би ааваараа Түшээт гүн буюу одоогийн Хархорин сумын гаралтай хүн. Хуучны нийслэлийг сэргээнэ гэдэгт итгэж байна. Нэг намыг удаан хугацаагаар төр бариулах нь буруу юм байна шүү.
УИХ-ын дарга Г.Занданшатар: -УИХ-ын гишүүн байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асуусангүй. Сонгуулийн сурталчилгаа хийж, ард түмэнд таалагдах гэсэн үг хэллээ. Одоо санал хураалт явуулна. 16 саналтай байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж дууслаа. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.