НИТХ-ын 45 төлөөлөгчид ТУЗ-ийн дарга, Нийслэлийн өмчит компанийн захирал, Төслийн удирдагч, Засаг даргын орлогч, Ахлах зөвлөх гэсэн "Давхар дээл" авч өмсчээ

НИТХ-ын 45 төлөөлөгчид ТУЗ-ийн дарга, Нийслэлийн өмчит компанийн захирал, Төслийн удирдагч, Засаг даргын орлогч, Ахлах зөвлөх гэсэн "Давхар дээл" авч өмсчээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Улаанбаатарт хотын удирдлага, бодлого, төсөв, хөгжлийн чиглэлийг шийдвэрлэх хамгийн дээд түвшний орон нутгийн эрх бүхий байгууллага. Иргэд дөрвөн жил тутам сонгуульд оролцож, өөрсдийн эрх ашгийг хамгаалах, хотын бодлогыг хянах 45 төлөөлөгчийг сонгодог. Гэтэл бодит байдал огт өөр болжээ.

Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь хотын даргын зөвлөх, газар агентлагийн дарга, томоохон төслийн хариуцсан удирдлагын албан тушаалд давхар ажиллаж, иргэдээ бус хотын даргаа өмгөөлж суудаг. НИТХ-ын төлөөлөгч нь үндсэн цагийн ажил биш, зөвхөн иргэдийн төлөөлөл гэсэн зарчимтай. Гэвч УИХ-ын гишүүд шиг хатуу хориг байхгүй тул бүгд давхар албан тушаал хашдаг жишиг тогтсон. Гэхдээ ор хоосон байдаггүй.

Төлөөлөгч нарт жил бүр олгодог урамшуулал гэх нэртэй цалин бий. НИТХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг урамшууллын хэмжээг тогтоодог. Дундаж тооцоогоор нэг төлөөлөгч жилд дунджаар 54 сая төгрөгийн урамшуулал авдаг нь нийслэлийн төсөвт 2.4 тэрбум төгрөгийн ачаалал нэмдэг.

Гэхдээ энэ тухай төсөвт тодорхой мэдээлэл ороогүй, мөн тэдэнд олгодог урамшуулал хэзээ, хэрхэн олгогддог нь нууц хэвээр байна. Хотын дарга асан С.Амарсайханы үед энэ урамшуулал олгодог тухай мэдээлэл нэлээд шүүмжлэл дагуулж байсан. Тухайн үед хотын дарга асан С.Амарсайхан хуралдаа суухгүй байгаа төлөөлөгч нарыг урамшууллыг олгохгүй хэмээн зэмлэж байлаа. ЭНД дарж үзнэ үү. Гэтэл энэ мөнгөний хажуугаар төлөөлөгчид нийслэлийн томоохон төслийг удирдах, зөвлөхөөр ажиллах замаар хотын даргатай нэг халаасанд ороод удаж байна.

2024 оны НИТХ-ын 45 төлөөлөгчийн албан тушаалууд:

  1. А.Баяр – НИТХ-ын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга
  2. Б.Ану-Үжин – “Улаанбаатар трам” төслийн захирал
  3. А.Амартүвшин – Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын орлогч; “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн ТУЗ-ийн дарга; “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн ТУЗ-ийн дарга
  4. Л.Ариунтуяа – Соёлын төв өргөөний дарга, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга
  5. Ж.Батбаясгалан – Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх; УСУГ-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  6. Д.Бадарсан – Нийслэлийн Засаг даргын орлогч (нэг долоо хоногийн өмнө ажлаа өгсөн)
  7. Г.Батбаяр – “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн захирагч
  8. Г.Батсайхан – Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга; “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  9. Ц.Баттөр – Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга; хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн гишүүн
  10. Г.Батзориг – Улаанбаатар хотын Ерөнхий менежер; Захирагчийн ажлын албаны дарга; Хот төлөвлөлт, судалгааны институт” НӨҮГ-ийн Удирдах зөвлөлийн дарга
  11. Т.Батцогт – НИТХ дахь АН-ын бүлгийн дарга; “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  12. Ч.Батзориг – Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх; “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” НӨҮГ-ийн Удирдах зөвлөлийн дарга
  13. Т.Даваадалай – Хотын даргын эдийн засаг, дэд бүтцийн нэгдүгээр орлогч; “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн; “Зорчигч тээвэр хоёр” НӨҮГ-ийн Удирдах зөвлөлийн дарга
  14. С.Даваасүрэн – Багануур дүүргийн Засаг дарга
  15. Б.Дөлгөөн – УИХ-ын дарга асан Н.Учралын зөвлөх
  16. Д.Жавхлан – “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  17. Г.Жаргалсайхан – Баянзүрх дүүргийн Засаг дарга; “Зорчигч тээвэр гурав” НӨҮГ-ийн ТУЗ-ийн гишүүн
  18. Б.Золтуяа – Ногоон хөгжлийн хорооны дарга
  19. О.Зундуйдорж – Хөрөнгө оруулалт, бүтээмж хариуцсан менежер /нэг долоо хоногийн өмнө ажлаа өгсөн/
  20. Д.Ихбаяр – Ерөнхийлөгчийн байгаль орчны зөвлөх; “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  21. Н.Мандуул – Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  22. Б.Мөнхбаатар – “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн; “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  23. Б.Мөнхбат – Хөрөнгө оруулалтын газрын дарга
  24. Ч.Мэндбаяр – Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ийн дарга
  25. Б.Мягмар – “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал
  26. Д.Наянбаяр – Налайх дүүргийн Засаг дарга
  27. Х.Нямбаатар – Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч
  28. Э.Одонтуяа – “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  29. Т.Отгонболд – Багануур дүүргийн ИТХ-ын дарга
  30. Д.Отгонсүрэн – Налайх дүүргийн “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн захирагч
  31. Ү.Оюунзул – Гэрлэх ёслолын ордны захирал; Хүний хөгжлийн хорооны дарга
  32. Ж.Сандагсүрэн – Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга; “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал
  33. Ө.Сумъяабаатар – Баянгол дүүргийн Засаг дарга
  34. Б.Сэмжидмаа – НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны дарга
  35. Б.Сэргэлэнбаатар – Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн гишүүн
  36. З.Төмөртөмөө – “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  37. Ц.Төрхүү – Ус суваг удирдах газрын дарга
  38. Г.Ууганбаяр – Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан зөвлөх
  39. Д.Ундармаа – Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ийн дарга
  40. Л.Хосбаяр – Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
  41. Э.Хулан – “Түлшний хяналтын газар” НӨҮГ-ийн ТУЗ-ийн гишүүн; “Хөрөнгө оруулалтын газар” НӨҮГ-ийн ТУЗ-ийн гишүүн
  42. Б.Хуягбаатар – Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ийн захирал
  43. Э.Энхтөр – “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ийн захирал
  44. Б.Эрдэнэсүх – Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Засаг дарга; НИТХ дахь АН-ын бүлгийн дарга; УСУГ-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  45. Ж.Энхжаргалан – Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх

Иргэдийн төлөөлөгчид хотын даргад хяналт тавих ёстой, гэхдээ одоо халаас нэгтгэсэн давхар албан тушаал нь тэдний шүүмжлэх эрхийг хаасан. Үүнийг өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн "Туулын хурдны зам" төслийн эргэн тойронд болсон үйл явдлаас харж болно. Иргэд, олон нийт уг төслийг зогсоох ёстой хэмээн хүчтэй шүүмжилж байсан ч уг төсөлд, тэр тусмаа хотын даргынхаа эсрэг ам нээх зоригтой төлөөлөгч бараг байсангүй. Хэрвээ энэ тогтолцоо хэвээр байвал, нийслэлийн төсөв, стратегийн томоохон шийдвэрүүд хувийн ашиг сонирхлоор удирдагдах эрсдэлтэй бөгөөд иргэдийн итгэл улам сулрах болно.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө