П.Отгонтулга: Өдрийн цагаар угаартсан тулдаа хүүхдүүд минь азаар амьд үлдлээ

П.Отгонтулга: Өдрийн цагаар угаартсан тулдаа хүүхдүүд минь азаар амьд үлдлээ

-НЭГ ӨДРИЙН ДОТОР 67 ИРГЭН “УГААРТСАН” ХЭМЭЭН
ДУУДЛАГА ӨГЧЭЭ-

Яаралтай тусламжийн 101, 102, 103 дугаарт “угаартсан” гэх дуудлага тасралтгүй ирсээр байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд 24 цагийн хугацаанд 67 иргэн “угаартсан” хэмээн дуудлага өгч эмнэлгийн анхан шатны болоод хэвтэх эмчилгээ үйлчилгээг авчээ. Тэдний нэг Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хорооны оршин суугч П.Отгонтулгатай уулзлаа. Тэдний гурван хүүхэд угаартаж, ЭХЭМҮТ-өөс тусламж авсан юм.

-Танай гэр бүлийнхний биеийн байдал одоо ямар байна?

-Бага охин минь зүрхний цоорхойтой болохоор нэлээн удаж байж ухаан орлоо. Хоёр цаг гаруй хиймэл амьсгал, хүчилтөрөгч хийлгэж байж гайгүй боллоо. Эх нялхсын эмч нар хоолны хордлого биш угаарт хордсон байна гэсэн. Хүүхдүүдэд бүгдэд нь хордлого тайлах бэлдмэлтэй уусмал уулгачхаад байна.

-Болсон явдлыг ярина уу?

-Би тэр өдөр гадуур ажилтай, гэртээ байгаагүй юм. Нөхөр маань хагас сайны өглөө 10:00 цагийн үед гал түлсэн гэсэн. Тэгээд хүүхдүүд маань банштай цай чанаж уучхаад унтсан юм билээ. Нөхөр маань гэр лүүгээ орж, гараад хашаандаа ажил хийж байсан. Өдөр 15:00 цагийн орчимд том охин надтай яриад бага дүүгийн гэдэс базалж өвдөөд байна гэсэн. Тэр үед угаартаж байна гэж бодоогүй.

Банштай цайнаас хордсон юм болов уу гэж бодсон. Гэтэл удалгүй гурван дүү нь гурвуулаа адилхан болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би угаартаж байж магадгүй гэж бодоод түргэн дуудсан. Түргэний эмч хүүхдүүдээ аваад ир гэсэн. Гурвын гурван хүүхэд татаад, гэдэс нь базлаад байна гэхэд ийм хариу өгч болохгүй биз дээ. Хоёр дахь удаагаа дуудаж байж ирсэн. Тэгээд шууд эх нялхаст хүргэсэн.

-Нөхөр тань гэртээ байсан юм байна. Хүүхдүүдээ угаартаж буйг мэдээгүй юм уу?

-Юу ч мэдэгдээгүй гэсэн. Хүүхдүүдээ яасан их унтаж байна вэ гэж бодоод байсан. Угаарт цохиулж байна гэж санаагүй байх. Гурвын гурван хүүхэд нь ухаангүй болохоор шоконд ороод өөрөө бас эмнэлгийн тусламж авахдаа тулсан. Нөхөр маань бас зүрхний өвчтэй л дөө. Угаарын хор бол жирийн хүмүүст мэдэгддэггүй юм байна гэж ойлгосон.

-Буруу галласнаас эсвэл зуухны хаалтаа хааснаас болж угаартаж байна гээд байгаа шүү дээ. Танайх ямар зуухтай вэ?

-Манайх ханан пийшинтэй. Есөн сард хөөлсөн. Хэвлэл мэдээллээр хүмүүс угаартсан, үхсэн тухай зөндөө мэдээлэл явж байгаа болохоор хаалтаа хаахгүй, зааврын дагуу галлахыг хичээж байгаа. Шөнөдөө ерөөсөө гал түлдэггүй. Тень асаагаад, хөнжлөө давхарлаад хонодог. Нөхөр бид хоёрын хэн байгаа нь өдөрт нэг л удаа галладаг. Хэрэв шөнө, оройн цагаар галласан бол бид угаартаж буйгаа мэдэхгүй байж байгаад үхэх байсан байна шүү дээ. Дөрвөн хүүхдийн минь буян заяа түшиж, азаар амьд үлдлээ. Эрх баригчид анхнаасаа сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлэхээс өмнө эхлээд бүх айлын зуухыг сольсон бол өнөөдөр ийм эрсдэл гарахгүй шүү дээ.

-Танай түлшнээс дээж авсан уу?

-Эмнэлэг, цагдаагаас албаны хүмүүс ирээд угаартсан байна гэсэн. Шинжээч нь зураг дараад, шахмал түлшнээс дээж аваад явсан. Гэхдээ биднээс энэ мэдээллийг нууцлахыг хүссэн.

АГААРЫН ЧАНАРЫГ ХЭМЖИХ СТАНДАРТЫГ Н.ЦЭРЭНБАТ
САЙД ӨӨРЧИЛЖЭЭ

Иргэн П.Отгонтулгын хэлсэнчлэн угаарын хийн хор нүдэнд харагддаггүй, аажмаар алгуурхан хүнийг хордуулдаг аж. Бүлээн усыг аажмаар халаасаар буцалгахад дотор нь буй мэлхий түлэгдэж үхэж буйгаа мэддэггүйтэй адил гэсэн үг. Ингэхээр угаартах гэдэг нь нүдэнд үзэгдэх утаанаас илүү аюултай болж таарах нь.

Өнөөдөр “Утаа үнэхээр багасчихлаа” гэж баярлах нэгэн байхад “Гадуур явахад сонин юм үнэртээд, толгой өвдөөд байна” гэх хүмүүс ч байна. Харин агаарын чанарыг хэмжих багаж өөр зүйл “хэлж” буйг энд онцлох нь зүйтэй санагдлаа. Утаа үзэгдэхгүй ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ өмнөх оны мөн үеэс 23 дахин ихэсчээ. Тухайлбал, хүхрийн давхар исэл 2018 оны аравдугаар сард стандартаас давсан тохиолдлын тоо дөрвөн хувийг эзэлдэг байсан бол өнгөрсөн долоо хоногт 57 хувь болж өсчээ. Ийм үзүүлэлт долоо хоног бүрийн тайланд давтагдаж байгаа аж. Түүнчлэн PM10 тоосонцор 75 хувьд нь стандартаас давж байсан бол 89 хувь болж нэмэгдсэн байна. 2018 оны аравдугаар сарын аравны өдөр БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбатын тушаалаар агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журамд өөрчлөлт оруулсан билээ. Энэ өөрчлөлтөөр 101-200 нэгжийг бага бохирдолтой гэж, 201-300 нэгж байвал бохирдолтой, 301-400 бол их бохирдолтой, 400-500 бол маш их бохирдолтой гэж тооцохоор зөөллөв. Энэ нь урьд хөршид мөрдөгддөг стандарт ажээ. Харин ДЭМБ-ын стандартыг АНУ болон Европ мөрддөг. Үүгээр бол 101-150 нэгж нь бага бохирдолтой, 151-200 нь бохирдолтой, 201-250 нэгж болоод ирэхэд их бохирдолтой гэж улаан өнгөөр аюултай байдлыг илэрхийлдэг. Гэтэл энэ нь манайд дөнгөж бохирдол эхлэх хэмжээ болсон юм. Агаарын чанарын индексийн будилаан үүгээр дуусахгүй. 050 буюу цэвэр гэх үзүүлэлт дотор агаар дахь аль нэг хорт бодисын хэмжээ 012 нэгж байх ёстой гэж үздэг байсныг одоо мөрдөгдөж буй хятад стандартаар 035 болгожээ. Энэ зөрүү 23 нэгжид хамаарах бохирдлын хэмжээ юм.

Ингээд ил харагдах тоогоор ч, түүн дотор илэрхийлэгдэх нэгжээр ч дахин дахин зөрүүлж, хорт бодисын хэмжээг аюулгүй гэж ойлгогдох бүхий л ажиллагааг хийжээ. Нөгөө талаар Н.Цэрэнбат сайдын шийдвэр биднийг бүлээн усанд буй мэлхий шиг аажмаар хордох нөхцөлийг бүрдүүлсэн бололтой.

Д.РЭГДЭЛ: АГААРЫН ЧАНАРЫН ТУНГАЛАГШИЛ ГЭЖ НҮДЭЭР
ХАРААД ХЭЛЖ БОЛДОГГҮЙ БОХИРДОЛ БИЙ

Цаг уур, орчны шинжилгээний газраас арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн агаарын найрлага дахь хорт бодисуудын хэмжээг шинжилсэн тайланд хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) эрс ихэсч, хүлцэх хэмжээнээс өндөр болсныг харуулжээ. Өөрөөр хэлбэл, нэг шоо метрт 50 микрограмм (мкг)-аар хүлцэх хэмжээг тогтоосон байхад хоногийн дундаж агууламж нь хүхэрлэг хий 102 мкг болж, азотын давхар исэл 86 мкг хүрсэн байна.

Хүхрийн хий болон азотын давхар исэл нь нүүрс шатах явцад үүсдэг химийн хорт нэгдлүүд бөгөөд сайжруулсан шахмал түлшнээс илүү их гарах магадлалтайг ШУА-ын ерөнхийлөгч Д.Рэгдэл онцолж байв. Тэрбээр BloombergTV Mongolia-д өгсөн ярилцлагадаа, “Агаарын чанарын тунгалагшил гэж нүдээр хараад хэлж болдоггүй бохирдол бий. Шахмал түлш шатаах үед хүхэртэй нэгдлүүд, азотын ислүүд гэх мэт шууд үхэлд хүргэхгүй ч хүний биед хортой олон тооны нэгдэл ялгардаг. Энэ түлш хоёр дахин илчлэгтэй учраас шатахдаа хоёр дахин их хүчиртөрөгч ашиглаж, ялгаруулж байгаа хорт хийн хэмжээ мөн хоёр дахин их болно гэсэн үг” хэмээн тайлбарласан байна. 

ХҮХЭРЛЭГ ХИЙ НЭМЭГДСЭН НЬ ОЛОН ТӨРЛИЙН ӨВЧЛӨЛИЙН
ЯВЦЫГ ТҮРГЭТГЭХ НӨЛӨӨТЭЙ

Харин хүхэрлэг хий болоод азотын ислийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгааг дэлхийн эрдэмтэд аль хэдийнэ хийсэн байна. Хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг хорт нэгдэл. Мөн амьсгалын дээд замыг цочроох нөлөөтэй. Хүхрийн давхар ислийн 90 хувь нь амьсгалын дээд замд шингэж, гуурсан хоолойн үрэвсэлт өвчин үүсэхэд хүргэдэг бол хүхрийн ислүүд нь салстын цэвэрлэх үүргийг дарангуйлдаг аж. Хүхрийн давхар исэл нь жигнэгдэгч бодис буюу PM 2.5-10-тай хавсарсан бол илүү хүчтэй нөлөө үзүүлдэг. Тухайлбал, ийм хүхрийн давхар исэл нь уушгины эдийг түлэх аюултай гэнэ.

Тэгвэл хүхэрлэг хий амьд биетийн эрүүл мэндэд ямар нөлөөтэйг судлахаар эрдэмтэд хулгана дээр туршилт хийж байжээ. Нэг шоо метр агаарт 56 мкг хүхэрлэг хийн агууламжтай нөхцөлд эр, эм хулганыг өдөрт зургаан цагаар, долоон өдрийн турш байлгажээ. Ингэхдээ тархи, уушги, зүрх, элэг, ходоод, нарийн бүдүүн гэдэс, цөс, бөөр болон төмсөг гэсэн есөн төрлийн эрхтний үйл ажиллагаанд ажиглалт хийсэн байна. Судалгааны дүнд хүхэрлэг хий нь зөвхөн амьсгалын замын төдийгүй бусад олон эрхтэнд нөлөөлдөг, амьтны эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг хүчтэй гэмтээх нөлөөтэй, олон төрлийн өвчлөлийн явцыг түргэтгэх нөлөөтэй гэж тогтоожээ.

АЗОТЫН ДАВХАР ИСЭЛ НЬ УУШГИНЫ ХАВДАР ҮҮСЭХ
УРЬДАЧ НӨХЦӨЛ БОЛДОГ

Харин азотын давхар исэл нь хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож улмаар уушгины цулцанд шингэн хуримтлуулах нөлөөтэй. 1992 онд Германы судлаачид азотын давхар ислийн 564 мкг/м3 тунгийн нөлөөлөлд 19-35 насны дунд зэргийн багтраа өвчтэй хүмүүсийг байлгахад эхний 10 минутанд л уушгинаас огцом гаргалтын агаарын эзлэхүүн 11 хувиар буурч байжээ. Энэ нь уушгинд нөлөөлж буй азотын давхар ислийн хорт нөлөөг тодорхой харуулсан судалгаа гэж үздэг аж.

200 МЯНГАН ЯНДАНГААС ЯЛГАРАХ УТААНЫ ХОР
ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Урьд нь, автомашины бохирдол ихтэй газруудад агаарын чанар хэмжигч багажууд азотын давхар ислийг өндөр заадаг байлаа. Учир нь энэ нэгдэл аливаа түлш өндөр температурт шатах үед үүсдэг ба авто тээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулах эх үүсвэрээс ялгардаг. Харин одоо зөвхөн түгжрэл ихтэй газруудад бус, агаарын чанарын агууламжид тэр чигт нь нөлөөлж байгаа нь харагдаж байна.

Эдгээр бодис нь амьсгалын замын халдварт биш болон хурц халдварт өвчнүүд, гуурсан хоолойн багтраа, зүрх судасны өвчин, уушгины хавдар үүсэх урьдач нөхцөл болдог. Улмаар хүн амын нас баралтын түвшинд нөлөөлөх хүчин зүйл болдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын судлаачдын бүтээлээс харж болно. Дээрх өвчин үүсэхэд тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал, архи, тамхины хэрэглээ, ахуйн болон ажлын байрны нөхцөл зэрэг үзүүлэлтүүд нөлөөлөх нь тодорхой. Гэхдээ өнөөдөр Улаанбаатарчуудын хувьд 200 мянган яндангаас ялгарах утаан дахь хоёр дахин нэмэгдсэн хорт бодисын хөнөөлөөс хэн ч зайлж чадахааргүй байдалд ороод байна.

ХҮН ҮХЭХИЙГ “НОХОЙ ХУЦСАН ЧИНЭЭ ТООДОГГҮЙ” ЭРХ БАРИГЧИД ХЭЗЭЭ АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙХ ВЭ

Засгийн газрын түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш зургаан хүүхэд, дөрвөн том хүн нас барж, мянга гаруй иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр угаарт хордоод байгаа. Хамгийн сүүлийн байдлаар П.Отгонтулгын гэр бүлийнхэн угаарт хордсон тухай мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл төрийн гурван өндөрлөг, эрх баригчид өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас болж амь насаа алдсан иргэдээсээ албан ёсоор уучлал гуйсангүй. Хариуцлага алдсан хэн нэгэн албан тушаалтад арга хэмжээ авсангүй. Нохой хуцсаны дайтай ч тоохгүй сууна. Хотын дарга хохирогч нарын ар гэртэй уулзах график гаргасан ч өнөөдрийг хүртэл таг чиг. Уулзсан бол гавьяа байгуулсан аятай мэдээлж л таараа. Гурван настай зээ охиноо алдсан Л.Галбадрах өвөө өнөөдрийг хүртэл харуулдсаар.

Эрх баригчдад угаарын хийнд хэчнээн хүн хордож үхсэн нь биш, ирэх сонгуулиар утааг 50 хувь бууруулсан гэж амбицлах л илүү чухал байгаа бололтой. Зорилго нь аргаа зөвтгөдөггүй гэдэг. Хэдийгээр утааг бууруулах эцсийн зорилго хэдий сайхан ч үүнд хүрэхийн тулд хэчнээн хүний амийг золиослох ёстой вэ. Мэдээж, утааны эсрэг тэмцэл нэг алхам урагшилсан уу гэвэл урагшилсан. Гэхдээ үүнээс болж гуравхан сая иргэнтэй монгол улс хэдэн хүнээ золиослох ёстой болж байна. Эрх баригчид асуудлын учир шалтгааныг олж, яаралтай зохих арга хэмжээ авахын оронд үүгээр далимдуулж ямар бизнес хийж болох тухай бодож суугаа нь харамсалтай. Тэд эхний ээлжинд арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд айл бүрт утаа мэдрэгч өгнө гэсэн. Одоог хүртэл таг. Зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн гэж албаны эх сурвалж мэдээлсэн. Үүний цаана хэний, ямар бизнесийг дэмжих тухай яриа өрнөж буй биз. Тэднийг ханцуйн дотроо наймаалцаж суух хооронд хэдэн хүн угаартаж, хордож, амиа алдах ёстой юм бэ. Үүний дараа зуун мянган айлын зуухыг солих тухай бизнес яригдах бололтой.

Эх сурвалж: Ардчилал таймс сонин




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө