Сингапурын сургуулиудад дээрэлхэлтийн эсрэг "саваадах" шийтгэл ашиглаж эхэлжээ

Сингапурын сургуулиудад дээрэлхэлтийн эсрэг "саваадах" шийтгэл ашиглаж эхэлжээ

/2026.04.15/-аас эхлэн Сингапурын боловсролын яам сургуулийн орчны дээрэлхэлтийн эсрэг тэмцэх сахилгын шинэ багц арга хэмжээг танилцуулжээ.Тус улсын нийгмийг доргиосон хоёр томоохон хэргийн дараа засгийн газрын явуулсан хяналт шалгалтын ажлын үр дүнд ийм арга хэмжээ авсан юм байна.

Сахилгын шийтгэлд үе тэнгийнхнийгээ анх удаа, давтан, олон удаа дээрэлхсэн тохиолдлуудад тус бүр ямар арга хэмжээ авахыг нарийвчлан заажээ.Тухайлбал анх удаа ийм үйлдэл гаргавал ноцтой тохиолдолд 1-3 хоног гэрт нь эсвэл сургууль дээр нь саатуулах, нэг удаа саваадах, дүнг нь бууруулах арга хэмжээ авах гэнэ.Хэрвээ бүр илүү ноцтой гэж үзвэл саатуулах хугацааг 3-5 хоног, саваадах тоог 2, дүнг нэмж бууруулахаар болжээ.

Энэ мэтчилэн шийтгэлийн хэмжээг өсгөсөөр олон удаа давтан бусдыгаа дээрэлхвэл 5-14 хоног саатуулах, 3 хүртэл удаа саваадах, дүнг нь шууд “муу” болгон бууруулах юм байна.Гэхдээ эдгээрээс саваадах шийтгэлийг зөвхөн ахлах ангийн эрэгтэй сурагчдад оноохоор тусгажээ.Хулсан саваагаар зодох сахилгын шийтгэл нь 1965 онд Сингапурыг тусгаар тогтнох хүртэл сургуулиудад үйлчилдэг байсан юм.Тус улсын боловсролын сайд Десмонд Ли сахилгын шинэ журмыг шийтгэх болон хүмүүжүүлэх аргыг тэнцвэртэй хослуулсан гэж тодорхойлжээ.Шийтгэлээс гадна сургуулиудад дээрэлхэлтийн асуудал хариуцсан ажлын байр бий болгоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хичээлд нь сурагчдын бие биеэ өрөвдөх, халамжлах зан чанарыг хөгжүүлэх зорилготой “үнэт зүйлсийн боловсрол” олгох хөтөлбөр нэмэхээр болсон байна.

Дээрх багц арга хэмжээг Сингапурын сургуулиудад гарсан дээрэлхэлтийн хоёр томоохон хэргийн дараа боловсруулжээ.Өнгөрсөн онд Сенкан Грин ерөнхий боловсролын сургуулийн гурван сурагч ангийнхаа нэг хүүхэд болон түүний гэр бүлийнхнийг алахаар сүрдүүлсэн хэрэг илэрч байв. Тэдэнд түр хугацаагаар саатуулах, тус бүр нэг удаа саваадах шийтгэл оноож байжээ.Дараа нь Монтфорт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэг хүүг газарт унаган зодож байгааг харуулсан дүрс бичлэг онлайн орчинд тарсан юм.Уг хэргийг үйлдсэн гурван хүүхдэд мөн саатуулах, саваадах шийтгэл оноож байжээ.Гэхдээ эрх баригчид ийм хэрэг тус бүрд арга хэмжээ авахын оронд нэгдсэн тогтолцоо бий болгохоор шийдсэн нь өнөөдөр ийнхүү хэрэгжиж эхэлсэн байна.

Эх сурвалж: Channel News Asia