Хотын дарга Х.Нямбаатартай холбоотой зуслангийн газрын "дуулиан" үе үе дэгддэг. Одоогоос долоон жилийн өмнө буюу 2019 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хөрөнгө орлого гишүүн болсныхоо дараа огцом өссөн гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байв.
Тодруулбал, Х.Нямбаатарын хөрөнгө орлого УИХ-ын гишүүн болохоос нь өмнө жилийн 111 сая төгрөг байсан бол 2018 онд 422 сая төгрөг болж өссөн байдаг. Тиймээс нэр бүхий иргэн түүний хөрөнгө орлогыг шалгуулахаар тухайн үед АТГ-т хандаж байсан ч асуудал тэгсхийгээд намжиж байв. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хөрөнгө орлогоо огцом өссөнийг "Зуслангийн байшингаа зарсан учир орлого маань нэмэгдэж харагдаж байгаа. Түүнээс миний хөрөнгө орлого үндэслэлгүйгээр нэмэгдээгүй" гэдгийг тодотгож байсан юм.
ВИДЕО:
-ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ОЙН САН БҮХИЙ ГАЗРЫН ХАЯАНД 479 М2 ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА-
Тэгвэл сүүлийн өдрүүдэд Хотын дарга Х.Нямбаатар "Ойн сан бүхий газарт газар эзэмшиж, тансаг зэрэглэлийн зуслангийн байшин барьсан уу" гэх мэдээлэл мөн л олны анхаарлыг татаад байна. Тиймээс бид энэ удаад "Асуудлын мөрөөр" буландаа дээрх асуултын хариултыг эрлээ.
Нээлттэй мэдээллээс үзвэл, Хотын дарга Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ойн сан бүхий газрын хаяанд 479 м2 газрыг эзэмшиж байна.

Хотын дарга Х.Нямбаатар тухайн газрыг эзэмших эрхийг бусдаас шилжүүлж авсан байж магадгүй бөгөөд газар эзэмших гэрээг өнгөрсөн жил буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хийж, 15 жилийн хугацаатайгаар эзэмших болжээ. Тэрбээр тухайн газартаа граж бүхий тансаг зэрэглэлийн хоёр давхар байшин барьсан байна.
Мөн түүний байшинтай ижил дөрвөн байшин эгнэн байрлаж, нэг хашаагаар хашаалсан байх аж. Таван байшинг тойруулан өргөстэй торон хашаан дотор ойн мод руу оруулан монгол гэр барьж, гэрт очих зам засжээ.
Дээрх хашаанд байх байшингуудын газрын эзэмшил нь өөр, өөр хүний нэр дээр бүртгэлтэй ч магадгүй Хотын дарга Х.Нямбаатартай холбоотой хүмүүсийнх байж магадгүй юм. Учир нь Хотын дарга Х.Нямбаатарын эзэмшлийн газрын хаяанд түүнтэй ойрын харилцаатай гэгддэг Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/-ын дарга Н.Ууганбаярын эхнэр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр нэлээд том газар эзэмшиж байна. Тэрбээр гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар хэмээн 699 м2 болон 700 м2 газрыг тус тус эзэмшиж байна.

-МОНГОЛД АЖИЛЛАХ ХЯТАД ИРГЭДИЙН ТОО ЭРС НЭМЭГДЖЭЭ-
Хотын даргын зуслантай хаяа залган томоохон хэмжээтэй газар эзэмшиж буй Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаярын нөхөр Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр нь хотын дарга Х.Нямбаатартай нэлээд ойрын харилцаатай гэгддэг.
Тодруулбал, Н.Ууганбаяр Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжингийн эсрэг ажиллагаа явуулсан гэх хэргээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан.
Ингээд Н.Ууганбаяр нь Д.Сумьяабазарыг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дарга байх үед сонгуулийн үйл ажиллагаанд нь ажиллаж байхдаа Х.Нямбаатартай найз нөхдийн харилцаатай болсон гэдэг. Энэ утгаараа Х.Нямбаатар нь 2020 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон даруйдаа Н.Ууганбаярыг Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилсон байх талтай.
Харин Н.Ууганбаярыг тус албыг хашиж буй 6 жилийн хугацаанд БНХАУ-аас Монгол Улсад ажил хийхээр ирэх хятад иргэдийн тоо огцом өссөн нь хотын том төслүүдээ хятадын компаниудаар хийлгэх болсон Хотын дарга Х.Нямбаатарын нөлөө ч байж магадгүй.
Тодруулбал, БНХАУ-аас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зорчилт 1670-аас 63 мянга 906 хүртлээ тасралтгүй өсөж, нийт зорчилтын ангилалд 19-22 хувийг тогтвортой эзлэх болсон байна.
Магадгүй энэхүү өсөлтийн цаана том төслүүдээ хятадуудаар бариулж буй Хотын дарга Х.Нямбаатар, түүний найз Гадаадын иргэн харьяатын дарга Н.Ууганбаяр нарын нөлөө байж магадгүй юм.
