СУРВАЛЖИЛГА: Суррон унаж буй насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх “Юу авч өгөх нь миний дур, хүний өмчид битгий халд” зэргээр “өөгшүүлж” байна

СУРВАЛЖИЛГА: Суррон унаж буй насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх “Юу авч өгөх нь миний дур, хүний өмчид битгий халд” зэргээр “өөгшүүлж” байна

Өнгөрөгч 2025 онд суррон унаж, хурд хэтрүүлсний улмаас 18 нас хүрээгүй хоёр хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн суррон ч гэлтгүй скүүтэр, мопедтой холбоотой осол гэмтлийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг энэ сарын 10 /2026.04.10/-аас эхлэн зохион байгуулж эхэлсэн.

Мөн 50 км цагаас дээш хурдалдаг хоёр дугуйт хэрэгслийг 18 нас хүрсэн, “А” зэрэглэлийн жолооны үнэмлэхтэй иргэн унаж замын хөдөлгөөнд оролцох ёстой гэх зүйл заалтыг оруулсан юм. Тэгвэл уг хяналт зохицуулалт хэрхэн хэрэгжиж байгаа талаар бид сурвалжиллаа.

ВИДЕО:

-УНАЖ ЯВАА СУРРОНЫ ТОРМОС НЬ ХУГАРЧИХСАН АЛГЫН ЧИНЭЭ ОХИНТОЙ ХҮРТЭЛ БИД ТААРАВ-

Суррон унасан хүүхдүүдийн ихэнх нь сургууль орчмын бүсэд, зарим тохиолдолд автомашин явах боломжгүй газраар зорчиж байгаа тул цахилгаан сурронтой 30 алба хаагч Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн ойр орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Эргүүлд гарч буй 30 алба хаагчийн нэг Ахлах дэслэгч Э.Эрдэнэдаваагаас бид ажлын явцын талаар тодрууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар дөрөв дэх сурроноо хурааж аваад байна. Ихэвчлэн Хан-Уул, Баянзүрх дүүргийн ЕБС-ийн ойролцоо ийм төрлийн зөрчил илэрч байна. Зөрчил үйлдсэн хүүхдийн сурроныг журамлаад, эцэг эх, асран хамгаалагчид нь мэдэгдсэний дараа 400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа.

Ер нь хүүхдүүд болон ээж, аавууд нь аюулгүй байдлыг нь хангах үүднээс энэхүү ажлыг хийж байгаа гэдгийг ойлгохгүй эсэргүүцэх хандлагатай байна” гэлээ.

Насанд хүрээгүй, үнэмлэхгүй, хамгаалалтын хувцас хэрэгсэлгүйгээр өндөр хурдтай хоёр дугуйтыг унаж яваа хүүхдүүд багагүй харагдана. Тэр ч бүү хэл унаж яваа сурроны тоормос нь хугарчихсан алгын чинээ охинтой хүртэл бид таарсан юм. Хамгийн хачирхалтай нь сурронноо журамлуулж байгаа хүүхдүүд ээж, аав руугаа утас цохиход "ямар үндэслэлээр хурааж байгаа юм, журамлах ёсгүй" гэх зэргээр хүүхдээ өмгөөлж байсан нь нэлээдгүй анхаарал татсан юм.

Тэр ч бүү хэл 17 настай нэгэн хүү суррон унаж явааг нь зогсоож журамлах гэтэл хүүгийн аав ирээд “Энэ чинь хураах хэмжээний тээврийн хэрэгсэл биш, та нарт хүний өмч хөрөнгөнд хүрэх эрх байхгүй, би өөрийнхөө авто машинд ачиж аваад явна, хэдэн төгрөгөөр торгох гээд байгаа юм би төлчихнө, хүүхдэдээ юу авч өгөх миний дур” гэх зэргээр алба хаагч руу ихэрхээд амжсан юм.

-СУРРОНТОЙ ХҮҮХДИЙН ЭЭЖ ААВУУД ИХЭНХ НЬ "БОЛОМЖИЙН АМЬДРАЛТАЙ ХҮМҮҮС" ГЭЭД ХЭЛЧИХЭД ХИЛСДЭХГҮЙ-

Тэгвэл энэхүү өндөр хурдтай хоёр дугуйт тээврийн хэрэгслийн нэг суррон нь зах зээл дээр 10-15 сая төгрөгөөр худалдаалагддаг аж. Нэг ёсондоо сурронтой хүүхдүүдийн ээж аавууд ихэнх нь боломжийн амьдралтай гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Харин өдөр ирэх тусам нь ийм төрлийн осол гэмтлийн тоо нэмэгдээд байгаа нь хүүхэд ээ хайрладаггүй, болзошгүй эрсдэл, аюулаас хүүхдүүдээ сэрийлдэггүй ээж аавуудын буруу гээд хэлчихэд ч бас буруудахгүй байх.

Харин энэ асуудлын хүрээнд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Хамгийн гол асуудал бол эцэг эхчүүд хүүхдүүддээ энэхүү А ангиллын тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох нөхцөл байлдыг бий болгож өгөөд байгаа асуудал юм. Зарим нь хүүхдийнх нь аюулгүй байдлын төлөө шаардлага тавьж байхад “Би хүүхдэдээ юу авч өгөхөө өөрөө мэдье” гэх зэргээр шаардлага эсэргүүцэж байна. Ийм нөхцөл байдлаас болж хүүхэд авто осолд орж, бэртэж гэмтэж байгаа тохиолдол ихээр гарч байгаа гэдгийг ойлгохгүй байна. Бид монголын ирээдүй болсон таны хүүхдийн амь нас, эрүүл мэндэд санаа тавьж байгаа гэдгийг ойлголдоо ээж аавуудаа” гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө