ИЗНН-ын даргаар сонгогдсон гэж буй УИХ-ын гишүүн Р.Батболд "өөрийгөө болон дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх"-ээр Улсын дээд шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, ИЗНН-ын дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатар намынхаа 26 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Улаанбаатар театрт зарлаж, энэ үеэрээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Харин нөгөө талд намын тэргүүн дэд дарга С.Батбаатар нар “Новотел” зочид буудалд намынхаа Онц их хурлыг зарлан хуралдуулж, намын дарга Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар ажиллах чадамжгүй гэж үзэн огцруулж, түүний оронд УИХ-ын гишүүн Р.Батболдыг намынхаа даргаараа сонгосон байдаг.
Улмаар Иргэний зориг ногоон намын Онц их хурлаас сонгогдсон гэх тус намын дарга Р.Батболд нь энэ сарын 10-ны өдөр Улсын дээд шүүхэд хандаж, Онц их хурлаас сонгогдсон намын дарга Р.Батболдыг болон дүрмийн шинэчилсэн өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөдөл гаргаад байсан юм.
Тэгвэл Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар дээрх өргөдлийг хэлэлцэж, уг асуудлыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.