Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайн орон байранд нэгжлэг хийж, түүнийг хойшлуулшгүйгээр баривчлан шалгаж эхэлсэн.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтсийн дарга А.Дүүрэнбилэгээс тодруулахад "Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-р зүйлийн 2.1, 18.6-р зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр дурдсан иргэдийн орон байр, хуулийн этгээдийн албан өрөө болон иргэн н.Билгүүн, н.Болормаа нарын орон байранд нэгжлэг хийх, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явагдсан.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.4-р зүйлийн 2.1 буюу албан тушаалын байдлаа ашиглаж завших, 18.1 буюу мөнгө угаах гэмт хэргээр Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэдгийг тодотгосон юм.
Тэгвэл мөрдөх байгууллагаас Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг хойшлуулшгүйгээр баривчилсанг хүчинтэйд тооцуулах саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүх тус саналыг одоогоор хэлэлцээгүй байгаа аж. Хэрэв шүүхээс уг саналыг хүчинтэйд тооцохгүй бол түүнийг нэн даруй суллах учиртай. Харин саналыг нь хүлээж авбал түүнийг үргэлжлүүлэх хорих эсэх асуудал мөн яригдах юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.