Ширээний теннисний тамирчид ДАШТ-д өрсөлдөхөөр Лондон хотыг зорилоо

Ширээний теннисний тамирчид ДАШТ-д өрсөлдөхөөр Лондон хотыг зорилоо

Олон улсын ширээний теннисийн холбооны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах 2026 оны дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээн Английн Лондон хотод маргааш эхэлнэ. 12 өдөр үргэлжлэх тус тэмцээнд оролцох Монголын үндэсний шигшээ баг тамирчид Английн Лондон хотын зүг хүлгийн жолоо залжээ.

Монголын эрэгтэй баг гуравдугаар хэсэгт Дани, Мадагаскар, Мекситэй таарсан бол эмэгтэйчүүд Бразил, Чех, Казахстаны шигшээ багтай тоглохоор оноо таарсан юм. Энэхүү тэмцээнд зургаан тивээс шалгарсан 64 эрэгтэй, 64 эмэгтэй баг оролцох бөгөөд өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс өрсөлдөх эрхээ халаасан билээ. 100 жилийн түүхтэй ширээний теннисний ДАШТ-д монголчууд 1961 оноос оролцсон бөгөөд Монголд хөгжсөн спортын төрлүүдээс хамгийн анхлан ДАШТ-д тамирчнаа илгээсэн төрөл юм. Тэгвэл Олон улсын ширээний теннисний холбооноос багийн ДАШТ-д оролцогч багуудад тавих шалгуураа нэмснээр 2016 оноос дэлхийн чансаанд хамгийн өндөр оноотой 40 баг л өрсөлддөг болсон юм. Хоёр жил тутамд зохион байгуулдаг багийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй багаараа монголчууд хамгийн сүүлд 2017 онд орсон. Түүнээс хойш тэгш тоотой жилд багийн, сондгойд нь ганцаарчилсан төрлийн ДАШТ-ийг зохион байгуулах болжээ. Эмэгтэйчүүд 2018 онд Шведэд болсон ДАШТ-ээс хойш найман жилийн дараа дахин оролцох гэж байна. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил болсон ААШТ-д эрэгтэйчүүд 12, эмэгтэйчүүд 15 дугаар байрт шалгарснаар Лондоныг зорих тийзээ халааслав.