ПРОТКОЛ: Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулахыг байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ

ПРОТКОЛ: Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулахыг байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг хариуцлагагүй ажиллаж Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан учраас албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг тавьсан.

Энэ дагуу Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг байнгын хороогоор хэлэлцэж дэмжлээ.


Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатараас УИХ-аар оруулж хэлэлцүүлж байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.

Тухайлбал, УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН: СЗХ-ны дарга С.Даваасүрэн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм байна. Харин Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өөрөө өргөдлөө өгсөн юм уу. Үүнийг мэдмээр байна. Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргаар туг тахиад өнгөрөхөөр байна. Монгол улс Саарал жагсаалтад орсон асуудлаар гүйцэтгэх засаглал хариуцлага хүлээдэг. Бусад сайд нар ч мөн хариуцлага хүлээх ёстой. Эдгээр хүмүүсийг чөлөөллөө гэхэд дараа нь хэнийг томилох юм.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өргөдлөө өгөөгүй. Нээлттэй захидал ирүүлсэн. Нээлттэй захидалдаа “Ажлаа өгөхөд бэлэн байна” гэж хэлсэн. Ажлын ахиц, дэвшил, дутагдал байгааг ойлгож байна. Дараа нь мэргэжлийн ур чадвартай, хүнд нөхцөл байдлаас гаргах хүнийг томилох шаардлагатай гэж үзэж байна.

-УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ: СЗХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг зайлуулж байгаа юм байна. Уг нь СЗХ-ны дарга С.Даваасүрэн энэ хуралд суугаад хариулт өгөх байсан. Гэтэл харанхуйгаар хүний  хувь заяаг шийдэж байна. Цаашид УИХ-ын даргад нээлттэй захидал биччихвэл огцруулчихдаг жишиг тогтох юм байна. Н.Баяртсайхан тэр захидалдаа “Би ийм сайн ажил хийсэн. Гэхдээ та нар огцруулах гээд байгаа юм байна. Огцруулбал огцруулдаа" гэж л бичсэн байсан шүү дээ. Бид Төв банкны хуульд өөрчлөлт оруулж хамтын удирдлагын тогтолцоог бий болгосон шүү дээ.

Н.Баяртсайхан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй, хамтын удирдлага хэрэгжүүлэх газар хуулиар хариуцлага хүлээх ёстой, хамтын шийдвэрийнхээ төлөө. Гэтэл УИХ-ын дарга нь энэ нөхөр хариуцлага алдсан гээд оруулаад ирлээ. Асуудалд хуулийн хүрээнд хандаж болдоггүй юм уу. Монголбанкны алдаа, дутагдал бий гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бид хуультай улс бол хууль номоор нь шийдэж болдоггүй юм уу. Бүхэл бүтэн Монголын мөнгөний бодлогыг хариуцаж байсан хүн шдээ.

Саарал жагсаалтад орсон нь Засгийн газрын буруу. Засгийн газарт хариуцлага тооцох асуудал яригдах уу. Ялангуяа Хууль хяналтын нөхдүүд, Сангийн яамныханд.

-УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Хамгийн түрүүнд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооц гэсэн Д.Эрдэнэбат гишүүний ирүүлсэн бичиг надад байна. СЗХ-ны 2018 оны ажлын тайланг хэлэлцээд хангалтгүй гэж үзсэн. Банкны зээлийн хүүг бууруулах, эдийн засгийн макро орчны тогтвортой байдлыг хангахад шинэчлэлт өөрчлөлт хэрэгтэй. 

-УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: Монголбанк, АТГ, СЕХ УИХ-ын дэргэдэх байгууллага болохоос УИХ-ын даргын дэргэдэх байгууллага биш л дээ. Ядаж саарал жагсаалтад яагаад орсон бэ гэдэг санал дүгнэлт яагаад хэлэлцүүлэхгүй байгаа юм. УИХ-ын даргын хувьд оруулж ирээд юунаас болов, юу нөлөөлөв, хэн оруулав гэдгийг эхлээд авч хэлэлцэх ёстой байсан. Ц.Нямдорж байхад 2011 онд яагаад саарал жагсаалтад орсон юм. Би тэр үед гишүүн байгаагүй болохоор мэдэхгүй байна. 2016 онд засаг авчхаад саарал жагсаалтад оруулахгүй байх ёстой байсан ч 2019 онд оруулчихлаа. Тэр байгууллагад очиж Ц.Нямдорж очиж тайлан тавьсан уу. Өөрийн биеэр очиж ярих ёстой юм байгаа биз дээ. Энд суугаад МАНАН мафитай тэмцээд суух юм уу. Болохгүй байгааг яаж засъя гэж бодож байгаа вэ. ФАТФ гээд байгууллагын ажлын хэсэг гэдэг юм уу юу гэдэг юм нэг юм байдаг. Дарга нь Ц.Нямдорж байдаг гэсэн. Тэр хүн яагаад энд орж ирээд хариуцлага хүлээе гэж хэлэхгүй байгаа юм. Бүгд тэр хүнд төмсөгдүүлчихсэн. Хар дэвтэрт нь орчихсон болоод хариуцлага ярьж чадахгүй байгаа юм уу. Саарал жагсаалтад орсон нь үнэн. Монголбанкны ерөнхийлөгчөөс асууя. Та саарал жагсаалтад орохгүйн тулд ямар ажил хийсэн бэ. Ямар буруу үйл ажиллагаа явуулсан учраас саарал жагсаалтад орсон бэ?

-МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН: ФАТФ-аас харилцан үнэлгээ хийсэн. Харилцаны үнэлгээний үр дүнг 2017 оны ФАТФ-ын хуралдаанаар хэлэлцэж “Монгол улс саарал жагсаалтад орохоор байна” гэдэг анхааруулгыг өгч, бидэнд даалгавар өгсөн. Бид даалгаврын дагуу чадах, ядахаараа ажилласан. Өнгөрсөн 10 дугаар сард хуралдсан хуралдаанаар Монгол улс техникийн үзүүлэлтүүдээ сайжруулсан байна гэдэг үнэлгээг авсан. Харин үр дүнгийн 11 үзүүлэлтийн долоо нь сайжирч, дөрвөн үзүүлэлт дээр анхааруулга авсан.

-УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: Сангийн сайд, Хууль зүйн сайд хариуцлага хүлээх ёстой. Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд хангалтгүй ажиллаж буйг өмнө нь хэд, хэдэн удаа анхааруулж байсан. Тиймээс хариуцлага тооцох ёстой.

-УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР: -Монголбанкны Ерөнхийлөгч сайн ажилласан. Банкны бүхий л системийн асуудлыг цэгцлэхийн төлөө явсан. Монголбанкны Ерөнхийлөгчийн алба тогтворгүй байх нь энгийн зүйл болох вий. Сүүлийн гурван жил тогтворгүй байсан асуудлыг цэгцлэхийн төлөө явсан. 

-МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН:-Бид хамтарч банкны салбарын хууль эрхзүйн орчныг шинэчилж чадсан. Намайг ажилд ороход Монгол Улсын гадаад валютын албан нөөц  1.8 тэрбум байсан. Өнөөдөр дөрөв дахин нэмэгдэж, 4 тэрбум ам.доллар болсон. Цаашдаа ч энэ нөөцийг нэмэгдүүлэх ёстой. Монголбанкинд хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөг байсан. Алдагдлыг бууруулах чиглэлээр эрчтэй үйл ажиллагаа явуулснаар 2019 оны гуравдугаар улирлын дүнгээр алдагдал 1.5 их наяд болсон. Арилжааны банкнуудын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажилласан. Активын чанарын үнэлгээ хийсэн. Банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх даалгавар өсч, нэмэгдүүллээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН:2016 оноос хойш эдийн засгийн хүнд нөхцөлд Монголбанкны хамт олон сайн ажилласан.  Банк, санхүүгийн хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр сайн ажилласан. Саарал жагсаалтын асуудал нь Төвбанкны үүрэг юм шиг ойлголт нийгэмд түгээд байна.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН: Энэ ганц байгууллагын асуудал биш. Эдийн засгийн тогтолцооны асуудал юм:.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Бүх зүйлийг тогтолцоо руу чихэхийг ОУВС, ФАТФ ойлгохгүй. Энэ хүмүүс тогтолцооноос илүү хариуцлагаа сайжруул гэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА: Ямар орлого хаанаас, хууль бусаар орж ирээд байгаа юм. Энэ талаар мэдээлэл өгнө үү. Авлигалд эргэлдэж буй мөнгөнүүдийг төсвөөс хулгай хийж эсвэл уул, уурхайгаас хууль бусаар оруулж ирж байна. Энэ мөнгөө зүйлчилж, хууль тогтоомжоороо зохицуулж чадахгүй байна. Эдгээр мөнгө оффшорт очиж байна, эргэж орж байна. 

Ингээд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэдэг томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.