Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байсан иргэн О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ.
Тодруулбал, иргэн О.Уламсайханыг энэ сарын 11-ний /2025.11.11/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд иргэн 38 настай н.Доржсүрэн гэгч нь хутгалж, хүнд гэмтэл учруулсан байдаг.
Харин О.Уламсайханы биед халдаж, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан хүнд гэмтэл учруулсан н.Доржсүрэнг "хүнийг алахыг завдсан" гэсэн Эрүүгийн хуульд заасан зүйл ангиар яллагдагчаар татаж, улмаар прокуророос түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлснээр Дүүргийн Эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зааснаар буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх үндэслэлээр энэ сарын 11 /2025.11.11/-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатайгаар цагдан хориод байгаа юм.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн О.Уламсайханы биед халдсан н.Доржсүрэн гэгч этгээд нь О.Уламсайханы оролцсон жагсаалыг буруутгаж, өдөөн хатгаж, эцэст нь гэм хор учруулсан гэдгийг хэлж буй юм.
Тэгвэл О.Уламсайханы аав М.Отгон өөрийн facebook хуудастаа, "Та нарын жагсаалаас болж би хоолноосоо салсан чамайг ална гээд дайрч, улмаар хутгалсан" гэсэн мэдэгдлийг хийлээ.
Тодруулбал, тэрээр "Миний хүү Отгоны Уламсайханы талаар ташаа мэдээлэл маш их хийж байгаад харамсаж байна. Бид хүүдээ санаа тавиад завгүй л байлаа. Өөрийнх нь амнаас болон цуг байсан найз нараас нь сонссоноор бол амьдарч буй байрных нь орцонд таарсан. Та нарын жагсаалаас болж би хоолноосоо салсан чамайг ална гээд дайрсан байсан.
Ахаа уучлаарай гэж уучлалт гуйгаад аргадаад гэрт нь оруулж өгсөн гэтэл гэрээсээ хутга барьж гарч ирээд липтэнд орох гэж байхад нь ална гээд дайрсан байсан. Найз нар нь байгаагүй бол миний хүүг алах байсан байна лээ. Болсон явдал нь ердөө л энэ. Найз нарт нь л маш их баярлаж байна. Эмчилж буй алтан гарт эмч нартаа маш их баярллаа. Бидний амьдарч буй нийгэм ийм хэрцгий байж болохгүй ээ. Өөрчилөгдөх ёстой. Залуус минь амьдарч буй нийгмээ өөрчилөхийн төлөө хүн бүр заавал хичээгээрэй" гэжээ.